Мексик улсын нийслэл Мехико хотоос Японы Нарита олон улсын нисэх буудлыг чиглэсэн нислэгийн үеэр зорчигчийн бие муудсан шалтгаанаар Мексикийн Сонора мужид ослын буулт хийжээ.
Удо Н нэртэй Японы иргэн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх үед тохиолддог тархинд цус хуралдаж хавагнах шинж тэмдэг илэрсэн байна. Уг зорчигчийн гэдэс дотроос хууль бусаар хил давуулах гэж байсан 246 уут бүхий кокайн илэрчээ.
Их хэмжээний мансууруулах бодисыг нэг дор залгисан этгээд Колумбын нийслэл Боготагаас нислэгээ эхэлж, Мехико хотоор дамжин өнгөрч байсан байна. Сонора хотын ерөнхий прокурорын газраас сэжигтэй этгээдийн гэдсэнд байсан кокайнтай уут нэг бүр 2,5 см урт, нэг см өргөнтэй байсан гэжээ.
Мексикийн холбооны эрх баригчид Японы иргэний цогцост задлан шинжилгээ хийсэн ба хэргийг мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэх юм. Харин онгоцонд үлдсэн 198 зорчигч Нарита олон улсын нисэх буудал хүртэл аяллаа үргэлжлүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com