Австрийн Парламентад санал хурааж канцлер Себастиан Курцад итгэл хүлээлгэхээс татгалзсанаар огцорч байна. Тэрээр 2017 онд Австри улсын канцлераар сонгогдохдоо дөнгөж 31 настай байсан нь дэлхийн хамгийн залуу удирдагчаар нэрлэгдэж байсан юм.
Курцын тэргүүлдэг Ардын намтай эвслийн Засгийн газар бүрдүүлж байсан Эрх чөлөөний нам, Социал Демократ намууд түүнд итгэл хүлээлгэсэнгүй. Долоо хоног орчмын өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан нууц бичлэг канцлерыг огцруулах гол дэгээ байсан юм.
Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Бэллен өнгөрсөн шөнө телевизээр дамжуулан шууд мэдэгдэл хийж дэд канцлер Хартвиг Логерыг түр хугацаанд Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэхэд томиллоо. Ерөнхийлөгч шилжилтийн шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл түр албан тушаалтнуудыг томилох ба дараагийн удирдагчид ийм алдаа гаргахгүй байхыг хүссэн байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс өмнө 11:30 минутад Ерөнхийлөгч Засгийн газрыг албан ёсоор тараах юм.
Харин Курц дэмжигчдэдээ хандан Парламентын шийдвэрийг хүндэтгэж, даган мөрдөхийг хүсчээ. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсын түүхэнд итгэл хүлээлгэх санал хураалтаар огцорсон анхны канцлер болж байна.
Дэлхийн хамгийн залуу удирдагчийг огцроход хүргэсэн бичлэг 2017 оны сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Испанийн Ибиза аралд бичигджээ. Хэн уг бичлэгийг хийсэн нь нууцлагдсан ч Германы хэвлэлүүд анхлан олон нийтэд тараасан байна. Эрх чөлөөний намын удирдагч, тухайн үед дэд канцлер байсан Хайнц Кристиан Штрахе Парламентад суудалтай бүлгийн дарга Иоганн Гуденусын хамт амралтын газарт амарч, согтууруулах ундаа хэрэглэх зуураа Оросын олигархуудын нэгний ач охин гэх эмэгтэйтэй уулзжээ. Хэрэв эмэгтэй Австрийн Kronen Zeitung сонины хувьцааны ихэнхийг худалдаж авбал олон нийтэд нээлттэй гэрээ хэлэлцээр байгуулахыг Штрахе санал болгож буй нь бичигдсэн байна. Мөн энэ нь Эрх чөлөөний намд дэмжлэг болно гэжээ. Штрахе үүгээрээ сэтгүүлчдийг хүчлэн хэвлэл мэдээллийг эрхэндээ оруулах төдийгүй Европын Парламентад суудал эзлэх сонирхолтойгоо илэрхийлсэн байна.
Бичлэг олон нийтэд цацагдсаны дараа Эрх чөлөөний намаас сонгогдсон Засгийн газрын сайдууд огцорч ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон юм.
Эх сурвалж: www.bbc.com