"Домогт баатар Дандар" номын нээлтээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе
Монголын ард түмний дунд "Алаг морьд Дандар баатар" хэмээн алдаршсан БНМАУ-ын гарамгай баатар, 1939 оны Халхын голын дайны түүхэн хүн Лодонгийн Дандарын амьдрал тэмцэл, туулсан замналыг өгүүлсэн түүхэн номыг түүний ач охин Л.Дандар баатрын хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн бичжээ.
"Алаг морьт Дандар" ТББ-ын тэргүүн, номын зохиолч Г.Гангамөрөн
"Өнөөдөр бол их чухал өдөр. Тавдугаар сарын 28 буюу 1939-5-28 ны өдөр бол Халхын голын дайны хамгийн чухал шийдвэрлэх тулаан болсон өдөр. Иймд өвөө маань энэ өдрийг өөрийнхөө төрсөн өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. Өвөөгөө нас барснаас хойш үр хүүхдүүд бидний байгуулсан "Алан морьд Дандар" ТББ-аас жил алгасалгүй тэмдэглэж, олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Энэ жил Халхын голын тулалдааны 80 жил, өвөөгийн маань мэндэлсний 105 жилийн ой тохиож байгаа. Би хүүхэд байхаасаа өвөөгийнхөө түүхэн замналыг ном болгон бичих мөрөөдөл өвөрлөж ирсэн. 20 жил бодож тунгааж, судалж бичсэн ном маань өнөөдөр хэвлэгдэн гарч, та бүхний гар дээр очиж байна" гэлээ.
"Домогт баатар Дандар" ном нь гагц Л.Дандар баатрын Халхын голын дайнд оролцсон, тэрхүү түүхэн тулалдааны тухай түүх биш ажээ. Л.Дандар баатар энхийн цагт ч 20 шахам жил хэлмэгдэж явсан түүхэн хүн. Энхийн хийгээд дайны цагийн баатар гэж номын зохиогч үзэж, энэ түүхийг үлдээх үүднээс номоо бичжээ.
Дандарын Ганбаатар /Л.Дандар баатрын хүү/
"Өнөөдөр бага охины маань номын баярт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би их баяртай байна. Аавын маань амьдралын түүх, дайнд оролцсон байдал, цэрэгт явсан хийгээд бага насны талаар нь түүх шастирт их бичсэн байдаг. Яг хэлмэгдүүлэлтэд өртсөн, 1964 онд цагаатсан зэргийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Охин маань тэр хэсгийг олон нийтэд, хойч үедээ сануулах үүднээс номдоо бичсэн байх аа. Миний аав эхээс наймуулаа. 7 дүүтэй байсан. 7 дүүгийнх нь үр ач нар энд ирсэн" гэлээ.
Алаг морьт Дандар баатар өөрөө амьд сэрүүн байхдаа "Гал дөлөн дунд" хэмээх баримтат туужаа бичиж гаргаж байсан ажээ. Харин түүний ач охин Г.Гангамөрөнгийн бичсэн "Домогт баатар Дандар" ном нь дээрх тууж дээр түшиглэжээ. Мөн түүний төрсөн сумын буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын зохиолчийн "Уулын бүргэд салхи сөрнө" гэсэн номыг ч мөн түшиглэж, хэвлэмэл материал болгож ашигласан ажээ. Мөн Л.Дандар баатрын ганц хүү Д.Ганбаатар 1946 оноос хойш Дандар баатартай насан эцэс хүртэл нь хамт амьдарч байсан тул амьд түүхийг үр хүүхдэдээ ихийг өгүүлсэн байна.
"Домогт баатар Дандар" номын нээлтийн үеэр БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хувцас хэрэглэл болон Халхын голын дайны үеийн цэргийн хэрэглэлүүдийг танилцууллаа.