МАН Бага хурлаа өнөөдөр 15:00 цагаас товлон зарлаад байсан. Хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан. Гэтэл МАН Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Учир нь өчигдөр буюу 05-р сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, мөн нөхөн сонгууль явуулах зардлыг улсын төсвөөс бус Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн нөхөн сонгууль болох гэж байгаа учир Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм.
Хэрэв дээрх хуулийн зөрчлүүдээ арилгахгүй бол Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль явагдах боломжгүй болно. Тиймээс МАН нэр дэвшигчээ тодруулахаас ийн зайлсхийсэн бололтой. Уг нь хуулиараа энэ сарын 28-ны дотор буюу өнөөдөр намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сүүлийн хугацаа юм.