2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталж дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр улс орон бүр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэхээр ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаалж, ядуурал өлсгөлөнгийн бүх хэлбэрийг устгаж, элбэг хангалуун, энх тайван, шударга, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд улс орон бүр хариуцлага хүлээх болсон юм.
Манай улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д нэгдсэнээр 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрэх, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилго тавьсан.
Тэгвэл улс орнууд, тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаарх “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Парламентийн холбооны 2-р чуулган” манай улсад болж байна. Чуулганаар парламентууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавьж, гүйцэтгэх засаглалтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар хэлэлцэж, туршлагаасаа хуваацаж байна.
Бид чуулганд оролцож буй улс орнуудын төлөөллүүдээс Тогтвортой хөгжлийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого үйл ажиллагааных нь талаар тодрууллаа. Тухайлбал,
- Вануату бол арлын улс. 270 мянган хүн амтай, зургаан мужид хуваагддаг. 52 парламентийн гишүүнтэй. 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилгод нэгдэж, үндэсний Тогтвортой хөгжлийн зорилгоо тодорхойлсон. Бидэнд хувийн болон улсын салбаруудаа харилцан уялдаатай ажиллуулахад багагүй бэрхшээл тулгардаг. Мөн ус бидний хувьд хамгийн том тулгамдсан асуудал. Хүн бүрийг цэвэр усаар хангах нь ихээхэн асуудал болдог. Тиймээс усны нэгдсэн систем, бодлоготой байж, түүнийгээ тогтвортой үргэлжлүүлэхийн тулд ард, иргэдээ сургах зорилт тавин ажиллаж байна.
- Индонез улс “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн чармайж байгаа. Тухайлбал, бид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 30 хувийг эмэгтэйчүүд байх зохицуулалттай болсон. Хүчирхийллийн эсрэг хууль баталсан. Мөн Индонез улс төсвийнхөө 20 хувийг боловсролын салбарт, таван хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг болсон. Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хамгийн доод шатнаас хэрэгжүүлж эхэлсэн нь маш үр дүнтэй байна.
- НҮБ бол олон орны Тогвортой хөгжлийн бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. Улс орны парламентууд их завгүй ажилладаг учир Тогтвортой хөгжлийн зорилгодоо төвлөрч аижллахад зөвлөж ажилладаг. Харин Ази, Номхон далайн бүсийн улс орон бүрийн парламентууд өөр өөр арга барилаар ажиллаж байна. Улс орон бүр өөр өөр, парламент бүр өөр хоорондоо адилгүй, парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд өөр өөрийн арга барилаар ажилладаг. Өнөөдөр Монголд цуглаад хэрхэн системтэйгээр, амжилттай ажиллах арга туршлагаа хуваалцаж байна.
Хамгийн чухал нь парламент болгон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой. Зарим улсын Засгийн газар гол тоглогч болдог. Парламент хууль дүрмээ хэрэгжүүлж, төсвөө баталж байна гэдэг утгаараа энэ асуудалдаа түлхүү анхаарч ажиллах нь зүйтэй.