Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд өнөөдөр БОАЖЯ-ны байрны өмнө Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахдаа “эрэмдэглээд үлдээсэн” газраа бүтэн болгохыг шаардан жагслаа.
Гурван тэс сумын иргэд сүүлийн 5-6 жилийн турш Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөн шүүхээр явсны эцэст 2016 онд нийт 893 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг УИХ-аар гаргуулсан байдаг.
Гэвч 2017 онд хилийн заагийг тогтоохдоо 730 мянган га-гаар тогтоон 160 мянган га газрыг хассан байна. “Энэ нь Тост, Тосон бумбын нурууны өрөөсөн хөлийг нь тайрсантай адил эрэмдэг болгосон бөгөөд энэ нь улсын хамгаалалт биш. Иймд хассан 160 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтын бүс нутагт буцаан авах ажлыг БОАЖЯ хийхийг хүсэж байна” хэмээн Гурван Тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид холбогдох бичиг баримтыг яамны мэргэжилтэнд өгөхдөө дурдаж байлаа.
Нутгийн иргэдийн үзэж буйгаар хилийн заагийг нэмэх, хасах эрх Засгийн газрын мэдлийн асуудал тул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд анхаарал тавин ажиллах хэрэгтэй гэсэн юм.
Түүнчлэн тус нутагт үйл ажиллагаа явуулдаг "Сауд гоби коэл транс" гэх компанийн үйл ажиллагаатай газар дээр очин танилцаж, зогсоож өгөөч хэмээн БОАЖЯ-ныханд хандаж байлаа.
Өмнөговь аймгийн Ноён сумаас ирсэн ИТХ-ын төлөөлөгч Р.Бадамжунай “Өнгөрсөн өвөл газар дээр очиж, нутгийн иргэдтэй уулзсан. "Сауд гоби коэл транс" ХХК-ийн нөлөөгөөр Хөвд, Хуршуутын гол маш ихээр бохирдсон байсан. Байгаль орчинд нөлөөлөхгүй байгаа гэж хэлж байгаад харамсаж байна. УИХ болон Засгийн газар ард иргэдийн талд биш мөнгөтэй хүний талд үйлчилж байна шүү дээ” хэмээв.
БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын газрын дарга А.Энхбат “Манай мэргэжилтнүүд өмнө нь хэд хэдэн удаа Гурван тэс суманд ажиллаж байсан. Нөхцөл байдлыг мэдэж байгаа. Та бүхний шаардлагыг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөх болно” хэмээн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдийн шаардлагыг хүлээн авсан юм.