Дэлхийн анхны бөөрөлзгөнө түүгч робот хүний ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй хүнээс ч илүү үр дүнтэй ажиллана гэж эрдэмтэд үзэж байна. Робот нэг ширхэг жимс түүхдээ базагч гараараа тасдан авч дугуй сагсандаа хийхэд минут орчмын хугацаа зарцуулж байгаа юм.
Плимаутын их сургуулийн эрдэмтэн доктор Мартин Стоелены бүтээсэн жимсчин роботыг хөгжүүлэхэд 700,000 фунт стерлингийн зардал орж байгаа ч хэрэв төлөвлөгөөний дагуу явбал тун удахгүй дэлхийн хамгийн шилдэг жимсчин робот бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Эцэст нь робот нэг бүр өдөрт 25,000 бөөрөлзгөнө түүх хүчин чадалтай ажээ. Хүн өдөрт найман цагийн турш тасралтгүй ажиллахад 15,000 ширхгийг түүдэг байна.
Их Британи улс Европын Холбооноос гарах гэж байгаатай холбогдуулан ажиллах хүч, зардлыг танахын тулд жимсчин роботуудыг хөгжүүлж туршилт явуулж байгаа юм. Их Британиас гадна Европ даяар ажиллах хүч, зардлаа хэмнэж эхэлжээ.
Tesco, Marks&Spencer, Waitrose зэрэг брэндүүдэд жимс жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлдэг Их Британийн Hall Hunter компани роботыг хөгжүүлж байна. 1,8 метр өндөр, тэргэнцэртэй роботыг хүлэмжинд туршиж байгаа юм. Жимсчин роботод 3D камер суурилуулснаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар түүх жимсээ татаж харах аж. Судлаачид түүнийг нэг жимсийг 10 болон түүнээс бага секундэд түүж чадна гэж найдаж байна. Бөөрөлзгөнө жимс өргөстэй модонд ургадаг тул гараар түүхэд төвөгтэй байдаг.
Их Британийн зах зээлд кг бөөрөлзгөнө 1-2 фунт стерлингийн үнэтэй.
Ирэх жил гэхэд жимс түүдэг дөрвөн гартай роботыг зах зээлд нийлүүлж худалдахаар төлөвлөжээ. Роботыг хоногт 20 цаг ажиллуулсан ч хүн шиг ядрахгүй учраас маш чухал ажиллах хүч болно гэжээ. Үүнээс өмнө БНХАУ-ын эрдэмтэд улаан лооль түүж чаддаг робот хөгжүүлсэн юм.
Эх сурвалж: www.theguardian.com