БНХАУ-ын Чангша хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсанбөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө.
Манай улсын эрэгтэй, эмэгтэй баг чансаагаараа тус тус хэсэг тэргүүлэн тоглосон ба эмэгтэй баг шилдэг дөрөвт багтаж эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай эрэгтэй баг гурван жил дараалан Ази тивдээ финалдаж байна. 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенжен хотод болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан бол энэ жил мөн мөнгөн медаль хүртлээ.
Манай эрэгтэй баг хагас шигшээд Казахстан улсын шигшээ багийг 21:13 харьцаагаар илт илүүрхэн буулган авлаа.
Харин аваргын алтан медалийн төлөө Австралийн хүчирхэг багтай 21:9 харьцаатай хожигдсон юм.
Манай эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.