Дэлхийн 70 гаруй улсад хийсэн судалгаагаар гол мөрний усанд антибиотикын төрлийн эм бэлдмэлийн хог хаягдал асар их хэмжээтэй буюу нэн аюултай түвшинд агуулагдаж байгааг тогтоожээ. Их Британийн Темзагаас эхлээд Иракийн Тигр мөрөн хүртэл олон зуун гол мөрний ус антибиотикоор хордсон байгаа юм.
Антибиотикийн бохирдол нь хүний биед эм бэлдмэлд тэсвэртэй хорт нян үүсгэх аюултай учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлэхийг уриалж, манай улсад ч мөн зөвхөн эмчийн жороор олгодог болсон билээ. Гэтэл бидний хүрээлэн буй орчин үүгээр бохирдож эхэлсэн нь дэлхийн эрүүл мэндийн салбарт учирсан томоохон аюул юм.
НҮБ-ын өнгөрсөн сард хийсэн судалгаагаар антибиотикт тэсвэртэй нянгаас үүдэж 2050 он гэхэд 10 сая иргэн амиа алдаж болзошгүй гэжээ.
Эм бэлдмэлүүд хүн төрөлхтөн болон мал амьтны хог хаягдал, эмийн үйлдвэр, эмчилгээний газруудын бохир ус зэргээр дамжиж газрын хөрс, гол мөрөнд шингэн нэвчиж байна. Йоркийн их сургуулийн хүрээлэн буй орчны судлаач эрдэмтэн Алистайр Боксаллын хэлснээр хүрээлэн буй орчинд агуулагдаж буй антибиотикийн хэмжээ түүнд тэсвэртэй нян бактери үүсгэхэд хангалттай хэмжээнд хүрсэнд сэтгэл зовниж байна гэжээ.
Уг судалгааг Финляндын нийслэл Хелсинк хотод болж буй бага хурал дээр танилцуулжээ. Дэлхийд алдартай Дунай, Темза, Тигр зэрэг томоохон мөрнүүдэд антибиотикын хэмжээ маш ноцтой түвшинд хүрснийг анхааруулав. Тухайлбал Европын хоёр дахь том, Австрийн үзэсгэлэнт Дунай мөрнөөс дээж авч судлахад долоон төрлийн антибиотик илэрсэн ба аюулгүй гэж үздэг түвшнээс дөрөв дахин их байжээ.
Лондон хотын Темза мөрнийг Европын хамгийн цэнгэг устай мөрнүүдийн нэг гэж үздэг. Гэтэл эндээс таван төрлийн антибиотик илэрсэн ба аюулгүй түвшнээс мөн л давсан ажээ.
72 орны 711 гол мөрний 65 хувьд антибиотик аюултай түвшинд агуулагдаж байгаа бол 111 гол мөрөн аюулгүй гэсэн заалттай гарчээ.
Африк, Азийн ядуу буурай оршин суугчидтай газруудад гол мөрний ус хамгийн их бохирдсон байгаа юм. Эндэхийн гол мөрний усанд агуулагдаж буй антибиотик аюулгүй гэж үзсэн хэмжээнээс 100-300 дахин их байжээ. Тур дундаа Бангладеш, Кени улсуудад гол мөрөн хамгийн их бохирджээ.
Эх сурвалж: www.theguardian.com