УИХ дахь АН-ын зөвлөл хуралдсантай холбоотой зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
-Судалгааны байгууллагын судалгаагаар одоогийн УИХ тарах ёстой гэж судалгаанд оролцогчдын 76 хувь нь үзсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан иргэд улстөрчид хуульгүй мэт авирлаж байгааг эсэргүүцжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлээс УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн авсан. Хууль, хяналтын байгууллагад улстөрчдийн захиалгаар нөлөөлж байгаа зэрэг зөрчил улам бүр даамжирч байна.
Иймд УИХ үүргээ гүйцэтгэх чадамжгүй болжээ. Монгол улсын Ерөнхийлөгч "Энэ Их хурал тарах ёстой" гэж мэдэгдсэнтэй бид санал нэгдэж байна.
Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Үнийн өсөлтөд сөхөрч байна. Аллага, авлигатай хариуцлага тооцож чадахгүй байна. Эрх баригчдын 2016 оны сонгуулийн амлалт эсрэгээрээ явж байна.
10 сая ам.долларын авлигын араас, 1.2 сая еврогийн авлигын асуудал гарч ирсэн нь Засгийн газар огцрох хангалттай үндэслэл юм.
АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдаад арав хонож байна. Хууль, хяналтын байгууллагынхан ямар нэгэн мэдээлэл хийхгүй байна. Иймд ОУПХ-оор дамжуулан, олон улсын байгууллагын дэмжлэгийг авах ёстой гэж бид үзэж байна. Энэ хүсэлтээ бид УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүргүүлнэ.
-Ордонд амиа насаа алдсан хэрэгтэй холбогдуулж танайхаас гурван ажлын хэсэг гарсан гэсэн?
-АН дээр ажлын хэсэг байгуулагдсан. Хууль, эрх зүйн ажлын хэсгийг Х.Тэмүүжин ахалж байгаа. Ар гэрийнхэнтэй нь нягт хамтран ажиллаж байгаа.