Нийслэлийн иргэд хүйтэн дулааны аль ч улиралд “толгойны өвчинтэй” болсон. Өвөлд агаарын бохирдол гэж амтай болгон нь ярьж, түүнээс салах арга замыг хайна. Дулаарахаар Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг жигшинэ. Сүүлийн хэдэн жил “Шинэ цэвэрлэх байгууламж барина”, “Өмхий үнэрийг дарж эхэлжээ” гэсэн сүрчин гарчигтай мэдээлэл явах болсон ч аль аль нь өнөөдөр амьдралд биелээгүй байна. Урин дулаан эхэлсэн үеэс нисэх, толгойт, сонсголонгийн нутаг дэвсгэрт “анхимлан сайхан” үнэрийг үнэртэхээс халширмаар байдалтай байгаа аж.
Бид энэ талаар Ус сувгийн удирдах төвөөс лавлахад “Боловсруулсан лагийг талбай руу зөөвөрлөдөг. Өдөр болгон үдээс хойш тогтмол цагт зөөвөрлөдөг байгаа. Энэ үед цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртдэг. Лагийг талбайд авчрангуут хоргүйжүүлэн модны үртэс ашиглан булдаг байгаа. Тухайн үед салхи хойноосоо салхилсан үед хотын иргэдэд үнэртэх тал бий” гэсэн юм.
Монголын “Эко тайхи”, Японы “Эко энержи систем” компанийнхан төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахаар японоос импортолсон ашигтай бактери дээр модны үртэс нэмж, идэвхжүүлсний дараа лагтай холиход өмхий үнэр нь арилж, бордоо болгож байгаа ч өдөр болгон 1-2 цаг лагийг зөөвөрлөх үеийн үнэрийг шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл үнэртэх нээ. Зөөвөрлөх үед 1-2 цаг болдог ч тэр үнэр нь дарагдах хүртэл үнэртсээр байдаг.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг сүр дуулиантайгаар тууз хайчлан нээсэн ч одоо хүртэл нэг ч ажил хийж эхлээгүй байна.
Холбогдох хүмүүсээс тодруулахад гэрээний асуудлаас болоод барилгын ажил түр хойшлогдсон гэх хариулт өглөө. Тэгэхээр цэвэрлэхийн үнэр нийслэлийг “утахтай” зэрэгцэн Засгийн газар цэвэрлэх байгууламжийн ажлаа хэзээ эхэлж чадах нь эргэлзээтэй хэвээр байна.