Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад өдгөө 93 настай, дэлхийн хамгийн ахмад удирдагч. Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын хүрээнд болсон “Блүмберг Глобал бизнес форум”-д үг хэлэх үед нь чуулга уулзалтыг даргалж байсан Фарид Закариа найрсгаар угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм.
CNN агентлагийн хөтлөгч сурвалжлагч Закариа “90 гарсан ахмад удирдагч энэ хол ирнэ гэдэг намайг гайхшруулсан. Би түүнтэй 20 жилийн өмнө 70 настай шалмаг эр байхад нь анх уулзаж ярилцаж байлаа. Өдий өндөр наслахдаа эрүүл саруул байгаагийн нууц тань юу вэ?” гэж эелдгээр асуусан байна.
Ерөнхий сайд Махатир хариуд нь “Би хатуу чанга хоолны дэглэм барьдаг, хэт их иддэггүй. Бас маш их дасгал хөдөлгөөн хийж, өдөрт зургаан цаг унтдаг. Хэрэв сайн сайхан амьдрахыг хүсвэл зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Тэгвэл та амьд үлдэнэ. Харин эдгэшгүй өвчин тусвал хийж чадах зүйл байхгүй” гэж эрүүл, урт удаан амьдралынхаа нууцаас дэлгэжээ.
Махатир Мохамад 1981 оноос хойш 22 жилийн турш Малайз улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан эрхэм юм. Малайзын сөрөг хүчний намууд нэгдэж өмнөх Ерөнхий сайд Нажиб Разакыг буулган ахмад Ерөнхий сайдыг эргэн дэвшүүлсэн. Нажиб Разакыг авилгын гэмт хэрэгт буруутгасан бөгөөд ахмад туршлагатай Ерөнхий сайд улс орноо авилгалаас цэвэрлэхээр ханцуй шамлажээ.
Эх сурвалж: www.qz.com