АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж буй төрийн хэмжээний айлчлалаа өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн билээ. Сумо бөх, гольф, шарсан мах, селфитэй амралтын өдрүүд дуусч тэрээр өнөөдөр өглөө тэргүүн хатагтай Меланиагийн хамт Япон улсын шинэ эзэн хаан Нарухитод бараалхан хүндэтгэл үзүүллээ.
Эзэн хааны ордонд зочилсон Америкийн төрийн тэргүүн Трамп Нарухито болон түүний гэргий Масако нартай гар барин мэндчилжээ. Энэ сарын эхэнд Японд шинэ эрин Рэйва эхэлж Нарухито хаан ширээнд заларснаас хойш анхны зочин нь Трамп юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Японы эзэн хаантай мэндчилэхдээ толгой бөхийсөн нь тухайн үед хурцаар шүүмжлэгдэж байсан юм. Трампын хувьд барууны ёсоор гар барин мэндчилэх аргыг сонгож 2017 онд эзэн хаан асан Акихитой ийн мэндчилж байсны дагуу Нарухитотой ч мөн гар барьжээ.
Трамп Япон улсад худалдааны шинэ гэрээ хэлэлцээр байгуулахаар ирсэн боловч Умард Солонгосын талаар Ерөнхий сайд Шинзо Абэтэй ярилцах боловуу гэсэн асуултыг шинжээчид дэвшүүлж байгаа юм. Америк, Японы худалдааны алдагдлыг бууруулахыг зорьж байгаа хэдий ч Японы Ерөнхий сайдын тавьсан төмөр, хөнгөн цагааны татварыг тэглэх саналыг Трамп хүлээж авахаас татгалзсан. Харин автомашины шинэ татварыг зургаан сараар хойшлуулаад байгаа юм. Шинээр байгуулсан худалдааны хэлэлцээр ирэх долдугаар сард Япон улсад Парламентын сонгууль явагдах хүртэл хэрэгжиж эхлэхгүй гэж Трамп мэдэгджээ.
Нөгөө талаас энэ удаагийн айлчлал Трамп, Абэ нарын харилцааг ойртуулсан нөхөрсөг айлчлал болж байгааг ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: www.cnn.com