Австрали, Европ, Америкийн судлаачид 2031-2080 оны хооронд 20 орны 412 гаруй засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэт халалтаас үүдэлтэй нас барагсдын тоог урьдчилан тооцоолж үзжээ. Хүлэмжийн хийн ялгарлын түвшин болон судалгаанд хамрагдсан бүс нутгийн хүн амын нягтрал ирээдүйд ямар байх, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон дасан зохицох стратеги хэрэгжүүлсэн байдал зэргээс хамааралтайгаар хэт халалтаас үүдэлтэй нас баралтын тоо ирээдүйд нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Монаш их сургуулийн Байгаль орчны эпидемиологи болон биостатистикийн дэд профессор Гуо Юуминг “Сүүлийн үед дэлхийн олон улсад хэт халалт болж, үүнээс үүдэн олон хүн нас барж байгаа нь үүнийг судлах ёстойг харуулж байна. Хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон үүнд дасан зохицох арга зам олохгүй бол ирээдүйд хэт халалтаас үүдэлтэй нас баралт өснө” гэдгийг онцолжээ.
Австралийн Брисбэн, Сидней, Мельбурн хотуудын 19712010 оны хоорондох уур амьсгалын өөрчлөлтийг судалж үзэхэд эдгээр хотод ирээдүйд хэт халалтын улмаас нас барах хүний тоо 471 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 20302050 онд хэт халууны улмаас жил бүр 38 мянган хүн амиа алдана гэж тооцоолсон. Дэлхийн бүс нутгуудаас хойд Хятадын тал газарт (The North China Plain) энэ гамшиг хамгийн хүнд тусах гэнэ. 2100 он гэхэд 400 сая хүн оршин суудаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох энэ хэсэгт цельсийн 35 хэмээс дээш халж, иргэдийн амь насанд аюул учруулах төлөвтэй байгаа аж. Ази, Африк, Латин Америкт нийтдээ 1.1 тэрбум хүн санхүүгийн боломжгүйгээс сэрүүцүүлэгч (air conditioner), хөргөгч бүхий орчинд амьдарч чадахгүй байгааг өөр нэг судалгааны тоо баримт мөн харуулаад байгаа юм.
Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1113295.shtml