Монгол Улсын нэр хүндэд халтай янз бүрийн асуудал бий. Тэр дотор авлига, хар тамхины хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хамгийн анхаарал татаж байна л даа. Саяхан АТГ-аас хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй олон хэрэг шалгагдаж байгаа гэж дурдагдав. Тэр дотор ноцтой байж мэдэх нэг хэрэг анхаарал татаж байгаа юм.
“Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар олджээ. Дээрх мөнгийг битүүмжлэн хурааж авлаа” гэж мэдээлсэн. Тэгээд энэ их хэмжээний валютыг хэн юунд зарцуулах гэж байв, уг мөнгийг хаанаас оруулж ирсэн юм бол. Яагаад хоёр монгол түүнийг өндөр түрээстэй байранд хадгалж байв гэдгийг нягтлахаар шалгалтаа үргэлжлүүлж байгаа ажээ. Уг мөнгийг хадгалж байсан сэжигтнүүд “БНХАУ-ын нэгэн компаниас авсан. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зарцуулах байсан юм” гэж мэдүүлсэн нь улам ноцтой хэргийн зах сэжүүр гарч ирлээ гэхээр байгаа бөгөөд хэн нэгэнд өгөхөөр зэхэж байсан мөнгө байж ч мэдэхээр юм гэсэн мэдээлэл гарч байна.
Мөнгө хадгалагч хоёр хэн хэнтэй холбогдож байсан нь цахим хуудас болон гар утасны дугаараас ил болж байгаа гэх. Үүнээс авлигад зэхээстэй байсан 1.3 сая ам.доллартай хэн холбогдох бол бас нэг асуулт гарч ирэх юм. Ингээд бодохлоор авлига гэдэг аалзны тор мэт сүлжээ дэндүү өргөсөж байгаа юм байна. Өргөсөх өсөхдөө улс төрийн хүрээнд цаашлаад хууль хяналтынхныг аван хайлсаар байх боллоо. Харин авлигыг хэн авдаггүй вэ гэвэл жирийн ард иргэд л байна. Уг нь нөгөө нэг онигоо шигээр бодоход дээдчүүл нь хуваагаад хүртчихдэг болохоор тэдэнд ямар ч хувь хүртгэдэггүй нь туйлын үнэн гэж болно. Авлига өгдөг, авдаг хүмүүс нь амьдрахын тулд биш шуналдаа хөтлөгдөн баяжихын төлөө мөчид бодолдоо дийлдээд байдаг л бололтой юм.
Д.Бичээчхүү