Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон.
Дуудлага мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байна.
“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн. Мөн МХЕГ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар тогтоосон.
Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна.
Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.