Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/218 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт маргааш 10 цагаас “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгуулахаар болжээ.
Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүд өөрийн ойр орчмын 50 метрийн радиуст байх зам талбай, ногоон байгууламжны шарилж, хогийн ургамлыг бүрэн түүж, өөрийнхөө ажлын байрны зам, хашаа хайс, цонх, гадна фассадыг угааж цэвэрлэн, гэрлийн шон дээр зарлалыг хуулж цэвэрлэхийг үүрэг болгожээ.
Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан хотын төвийн бүх барилга байгууламж, оффисыг өнгө үзэмжтэй байлгах, Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байгаа юм байна.