“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “Монгол зэс”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүсийн хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон талаар бид мэдээлсэн.
Тэднийг цагдан хориулахаар НПГ-аас саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч өдгөө болтол шийдэж чадахгүй, хуулийн байгууллагын ажиллагааг хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч нар гацаачихаад байна. Учир нь энэ сарын 21-нд тэднийг цагдан хорих, эсэхийг хэлэлцэх үед Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Х.Идэрээс татгалзсан юм. Тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүгч Б.Дуламсүрэнгээр шийдвэрлүүлэхээр томилсон байна. Шинээр томилогдсон шүүгч нь уржигдар 11.00, 15.00 цагт хэлэлцэнэ хэмээн товлож байсан ч шийдвэрлэлгүй өчигдөр өглөөний 11.00 цаг болгосон юм. Ингээд өчигдөр уг асуудлыг хэлэлцэх үед Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан бас л шүүгчээс татгалзав. Тэдний татгалзлыг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт танилцуулахад хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд дахин хэлэлцүүлэх болоход өмгөөлөгч нар нь хэрэгт хяналт тавьж буй прокуророос, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж байна хэмээснээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэх хурал гацчихаад байна.