Холливудын алдарт найруулагч, продюссер Харви Вайнстейн олон арван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэрт найруулагч хохирогчдодоо 44 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно гэжээ.
Вайнстейн Ко компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газар хамтран нөхөн төлбөрт олгох мөнгөний хэмжээг тогтоосон байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадвал иргэний эрхийг хамгаалах хуульчид эцэслэн шийднэ.
“Хааны илтгэл”, “Дурласан Шекспир” зэрэг шилдэг уран бүтээлүүдийг туурвиж олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан нэрт найруулагч ажлын байрандаа болон бусад орчинд 70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Тэрээр хэргээ хүлээхээс татгалзаж байсан юм. Вайнстейны хохирогчдын дийлэнх нь залуухан эмэгтэй жүжигчид болон кино урлагийн бизнест хөл тавьсан бүсгүйчүүд байжээ.
Уг хэргийн дараа Вайнстейн Ко компани түүнийг халж дампуурлаа зарласан ба Америкийн кино академиас хөөгдсөн. Гэсэн ч энэ хэрэг олон нийтэд ил болсноор дэлхий даяар #metoo хаштаг хөдөлгөөн өрнөж урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын хүчирхэг эрхмүүд бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.
Эх сурвалж: www.theguardian.com