АТГ-аас өнөөдөр 11.00 цагаас тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ-аас энэ сард Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмжид сургууль цэцэрлэгүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, хууль бус төлбөр хураамж авахгүй байхыг анхааруулсан. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ сайшааж байгаа. Бусад сургууль цэцэрлэгүүд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна.
АТГ-аас жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг. Хүүхдийн шударга байдал сүүлийн есөн жил тасралтгүй буурсан гэх харамсалтай үр гарлаа. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдсэнийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин ийм гэмт хэрэг давтан гарахгүй байх чиглэлээр АТГ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа. МХЕГ-ын экспорт импортын байцаагчдын гэрчилгээ, мэдэгдэл олгох ажиллагаа хөндлөнгийн хяналт дор явагддаг болно.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 33400 гаруй албан тушаалтны 2018 онд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа.
МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн тул албан тушаал бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Үүнээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоо хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэргийг шалгаж байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг, Баянзүрх дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг, Төрийн банкинд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёстой үйлдлээ хийсний хариуд 98.000 ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна” гэв.
АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр “АТГ-аас авлигад өртөмхий байгууллагуудыг сонгож судалгаа хийсэн. Тэгэхэд шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын авлига авах магадлал өсч байсан. ”
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон ХХБ-ны захирал О.Орхон нар хил давсан гэдэг үнэн үү? Нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх хэргийг шалгаж байна уу?
-10 сая ам.долларын авлигын хэргийг шалгах ажил АТГ дээр явагдаагүй. Үндсэн хуульд хүнийг шүүхээр гэм буруутайг нь тогтоох хүртэл гэм буруутайд тооцож болохгүй гэдэг зарчмын дагуу хүний нэр цохож мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нар яагаад ял завших нөхцөл байдал бий болсон бэ?
-МХЕГ-ын албан тушаалтнуудын үйл ажиллагааг нарийн журамлаагүй байсан нь авлига авах нөхцөл байдлыг бий болгосон байсан. Иймд журамтай болгож авлига авах нөхцөлийг хаах ажлыг хийж байна.