Хавар зуны улирал могой цуглаж, хөдөө орон нутагт аялж амран, агаар салхинд гарч буй иргэд могойд хатгуулахаас сэрэмжлэх нь зүйтэй болдог. Тэгвэл дэлхий даяар таван минут тутамд 50 хүн могойд хатгуулж байдаг бол хоногт 200 хүн үүнээс болж амиа алддаг байна.
Харин жилд могойн хатгуур 80,000-138,000 хүний амийг авч, 400,000 гаруй хүнийг хөдөлмөрийн чадваргүй болгодог аж.
Үхлийн хортой могойд хатгуулсны дараа нэн даруй эмнэлгийн тусламж авч чадвал амьд үлдэх тохиолдол байдаг ч Сахарын Африк, Азид алслагдсан хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээний газар цөөн, хол зайтай байдаг. Дэлхий даяар могойн хорыг эсэргүүцэх, эмчлэх үзэгдэл буурсан байна. Үүнээс үүдэж могойд хатгуулж амиа алдах нь хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж буй хорт гамшгуудын нэгд тооцогдож байгаа юм.
Их Британийн Вэлком Траст судалгааны байгууллагаас могойн хатгуур халуун орны халдвараас илүү олон хүний амь нас, бие эрхтэнд хор учруулж байгааг анхааруулжээ. Судалгааны мэргэжилтэн профессор Майк Тюрнерын хэлснээр хортой могойд хатгуулсан ч эмчлэгдэх амьд үлдэх боломжтой байдаг. Харамсалтай нь зөв ерөндгөө олж чаддаггүйгээс хугацаа алддаг гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорт могойд хатгуулж амиа алдах нь эрүүл мэндийн салбар дахь нуугдмал аюул гэдэгтэй санал нэгдсэн байна. Могойд хатгуулахаас сэрэмжлэх боловсрол мэдлэг олгох, энэ төрлийн мэдээллийг түгээх, хатгуулсан өвчтнүүдийг анагаах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад ирэх 2030 он хүртэл 136 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төсөвлөжээ. Вэлком Траст хүний эрхийн байгууллага ч мөн аянд нэгдэж ирэх долоон жилийн хугацаанд энэ төрлийн үйл ажиллагаанд 100 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
Эрдэмтдийн зүгээс илүү сайн чанартай, аюулгүй хэрнээ хямд ерөндгийг гаргаж авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Орчин цагт хэрэглэж байгаа могойн хор тайлах арга тэртээ 19 дүгээр зууны үеэс бага зэрэг л өөрчлөгдсөнөөс бараг хэвээрээ үлдсэн байдаг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com