Францын цагдаа нар 102 настай эмэгтэйг 92 настай хөршийнхөө амийг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Чези сур Марне тосгон дахь ахмадуудыг асрах газарт өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хэрэг гарчээ.
102 настай эмэгтэйн өрөөнөөс хөрш нь амиа алдсан байдалтай олдсон байна. Өндөр настай эмэгтэй асрагчдын нэгд “би хэн нэгний амийг хороочихсон” гэж хэлсэн тухай мэдүүлжээ. Амиа алдсан хөршийн цогцсыг олох үед өндөр настай сэжигтэн эмэгтэйн нүүр хавдсан байсан гэж цагдаа нар мэдэгдсэн юм.
Хохирогчид хийсэн задлан шинжилгээний дүнд толгойгоо ямар нэг зүйлд цохисон болон амьсгал нь бүтэж амиа алдсан болохыг тогтоожээ. Сэжигтнийг сэтгэцийн өвчин судлалын төвд шилжүүлсэн ба санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байна.
Сэтгэцийн хувьд гэмт хэрэг үйлдэх болон хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоох юм. 102 настай сэжигтэн байцаалт өгөх чадваргүй байж болох ч хэргийн мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлнэ гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com