Д.Дорж
Засгийн газрын шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн Хөгжлийн банкинд аудит орсноор алдаа дутагдал нь гурван их наяд төгрөгөөр хэмжигдэж эхлээд байна. Улмаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл үүссэнийг Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ зарлалаа. Тэрбээр “Хөгжлийн банкны хамгийн ноцтой зөрчилтэй зээлдэгч “Хөтөл”, “Монлаа”, “Мак цемент”, ТОСК, “Кью Эс Си”, “Бэрэн групп”, “Эрэл”, “Монгол драй милк”, “Монгема” зэрэг компаниуд байгаа нь шалгалтаар тогтоогдлоо. Арилжааны банкны санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд ийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл арилжааны банктай адилхан жижиг хэмжээний төслүүдэд бага хүүтэй зээл олгосон байна. Үүнээс болж, арилжааны банкуудтай өрсөлдөж, бага хүү авахын тулд тодорхой хэмжээний лоббид автдаг байна гэсэн дүгнэлтийг хийлээ. Зээлийн бүцтийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан зөрчил их байна.
Бүр найман удаа бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгасан зөрчил илэрсэн. Мөн гүйцэтгэх захирал нь мөнгөн хадгаламж байршуулж, түүнийгээ буцаан татах гэм мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн зөрчил тус банк анх байгуулагдсан цагаас давтагдаж ирсэн байна. “Худалдаа хөгжлийн банк” дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгах шаардлагатай байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж байгаа. Энд нэг эзэнтэй компаниуд их хэмжээний зээл авсан зөрчил илэрсэн. Тухайлбал, “Хөтөл”, “Кью эс си” компани нэг эзэнтэй мөртлөө хоёулаа их хэмжээний зээл авсан байгаа” гэсэн.
Харин Үндэсний аудитын газраас нэлээд том дүнтэй 11 зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг Хөгжлийн банкны удирдлагуудад өгөөд байгаа. Хөгжлийн банкнаас 2012-2016 онуудад улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 348 төсөлд зээл олгосноос 39.1 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын зээл Хөгжлийн банкны зорилго, зорилттой нийцэхгүй, 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна гэж аудитын шалгалтаар дүгнэсэн байдаг. Одоо ч шийдвэрлэгдээгүй Төрийн орон сууцны корпорацын бүтээн байгуулалтууд, Эрдэнэтийн 49 хувьтай холбогддог “Худалдаа хөгжлийн банк”-ны хамаарал бүхий “Кью Эс Си”, “Хөтөл”, байшинт үйлдвэрийн цогцолбор байгуулсан “Эрэл” гэх дөрвөн компанийн зээл үүнд хамаарч байна.
Бүгд зээлийн эргэн төлөлт нь удааширч, хүндрэлд орсон. Дээр нь өнгөрсөн сард татан буугдсан Капитал банкны зээл нэмэгдээд байгаа. Дээрх таван компанийн нийт өр 731 тэрбум төгрөг, 2015 оноос өмнө олгогджээ.
Tодруулбал, Төрийн орон сууцны корпорац (ТОСК) 257.5 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дангаараа 168.5 тэрбум, “МАК цемент” компани 166.3 тэрбум, “Эрдэнэс-Монгол” компани 166.1 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк”-ны мэдлийнх гэдэг нь тогтоогдоод байгаа “Кью Эс Си” компани 161.3 тэрбум төгрөг, “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэр 161.2 тэрбум төгрөг, Голомт банкны хамаарал бүхий гэгддэг “Цэцэнс Майнанг энд энержи” 140.9 тэрбум төгрөг, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компани 105.1 тэрбум төгрөг, ТОСК-ын бүтээн байгуулалтад голчлон оролцсон “Бэрэн” компани 101.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээр компани Хөгжлийн банкнаас хамгийн их буюу бүгд 100 тэрбумаас дээш төгрөгийн зээл авчээ.
Хамгийн хачирхалтай нь улс орны хөгжилд шаардлагатай том төслүүдэд зээл олгох учиртай Хөгжлийн банкны зээлэнд манай хамгийн том арилжааны банкууд хамрагджээ. Зөвхөн “Худалдаа хөгжлийн банк” л гэхэд 168.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн. Үүгээр ч зогсохгүй хамаарал бүхий компаниудаараа дамжуулан нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн зээлсэн нь Хөгжлийн банкны 2012-2014 онд олгосон 863 тэрбум төгрөгийн талыг нь тус банкныханд өгсөн нь шалгалтаар илэрсэн. Цаг хугацааны хувьд энэхүү зээл нь Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай давхцаж байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсээр ирсэн.
Тэгвэл дээрх том зээлдэгчдээс тавынх нь зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй гэж үзэж байгаа аж. Хамгийн өндөр дүнтэй мөнгө зээл сэн ТОСК-ын хувьд Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэр авч, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна.
Энэ талаар Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпорац”-ын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг. Түүгээр “Буянт-Ухаа-1” хорооллын 1764 айлын, “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 1620, Архангай 120, Увс 105, Дархан-Уул 189, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэвч тус газрын удирдлагын алдаатай шийдвэрээс үүдэн орон сууцны борлуулалтын орлогоор зээлийн эргэн төлөлтөд хийхээс зайлсхийж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлсэн. Хөгжлийн банкнаас ТОСК-д нийт 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Тус газрын зээлийн эргэн төлөлтийг орон сууцны борлуулалтын орлогоор болон Засгийн газрын 2018 оны тогтоолын хүрээнд өмнөх онуудад дутуу хэрэгжүүлж царцсан барилгыг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Ингэснээр одоогоор 258.1 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа” гэжээ.
Тэгвэл “Хөтөл” ХХК-ийн хувьд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Гэвч улсын комисс зарим хэсгийг хүлээн аваагүй учраас бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн төлөлт удааширчээ. “Эрэл” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/ барьсан ч өнөөдрийн байдлаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт муудсан. Харин “Кью Эс Си” компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус ху дал дан авалтад оролцсон шалтгаанаар Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэх гүй, зогсонги байдалтай байгаа аж. Эдгээр дээр Капитал банк дампуурснаар нэмэгдсэн бө гөөд бас л олон тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.
Анх Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн гэдгээ зарлахад гаргасан нийт зээлийнх нь 70-90 хувь чанаргүйдсэн талаар мэдээлэл тархсан. Бүр тодруулбал, Хөгжлийн банк олгосон зээлээ эргэн олж авч чадахааргүй болж, хүндхэн байдалд орсон нь аль хоёр жилийн өмнө ил болсон асуудал гэсэн үг. Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 3.2 их наяд, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкуудаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг гаргасан байна.
Үүний 1.3 их наяд төгрөг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн бол одоо ил болсон мэдээллээр эргэж олдох нь эргэлзээтэй болсон зээл ч их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа гэх. Боднын эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон 964.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулаж аж. Хоёр жилийн өмнө ил болсон 1.3 их наядын зөрчлийг хууль хяналтынхан анхааралдаа авсан. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгг АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан шалгахаар болсон.
Гэвч үр дүн нь хараахан гарч өгөхгүй байгаа юм. Энэ нь олон нийтийг бухимдуулах болсон. Учир нь сайд дарга нар байсхийгээд нэг том тоо дурдаж, баахан гэмтэн зарладаг ч удалгүй сураг алдардаг. Улмаар хэдэн саяын ипотекийн зээлтэй жирийн иргэн эргэн төлөлтийнхөө хугацааг нэг хоног хэтрүүлэхэд л муу зээлдэгч болж, арилжааны банкны хар дансанд ордог бол Хөгжлийн банкнаас олон зуун тэрбумыг авсан тэрбумтнууд төрийн мөнгийг буцааж төлөлгүй энэ олон жилийг ажралгүй өнгөрөөсөөр ирсэнд хариулт олдохгүй өнөөдөртэй золголоо.