Д.Эрдэнэ
Зургаахан хоногийн дараа буюу зургадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохионо. Энэ өдрийг багачууд маань тэсэн ядан хүлээж, ижий ааваасаа бэлэг гардах гээд яаран догдолж байгаа биз. Тэгвэл аав ээж, эмээ өвөө, албан газрын ах, эгч та бүхэн ангаахай үрсдээ ямар бэлэг бэлдэх гэж байна вэ. Чипс, гаазтай ундаа, будагтай чихэр, бохь... энэ бүхнийг бэлгэндээ сонгосон юм биш биз. Тэгвэл яг одооноос сонголтоо өөрчилвөл ямар вэ.
Хүүхдийн бэлгэнд чихэр, жимс байлгүй л яах вэ. Гэхдээ тунг нь тааруулаад багачуудынхаа оюуны мэлмийд дусал нэмбэл илүү өгөөжтэй бэлэг болох юм. Тухайлбал, энэ сарын 23-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй “Номын баяр”-аар дайраад нэг гараарай. Тэнд хүүхдэд зориусан төрөл бүрийн ном маш өргөн сонголттой худалдаалагдаж байна лээ. Бэлэгний уутанд таарахуйц буюу а4, а5-ын хэмжээтэй номнууд дотоод бүтэц, зураг, нимгэн, зуузаанаасаа шалтгаалаад дийлэнх нь 1000-10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Мөн буддаг болон бүх төрлийн картан номнууд ч төрөл бүрээрээ байна. Тухайлбал 104 орны төрийн далбаа бүхий картан ном 5000-11 мянган төгрөг байх жишээтэй. Энэхүү карт нь таны хүүхдэд зөвхөн төрийн далбаа цээжлүүлээд зогсохгүй тухайн улс аль тивд байдаг, газар нутаг, хүн амын тоо нь хэд гэхчилэн олон талын мэдлэг олгох жишээтэй. Дан ганц ном гэхгүй будгийн харандаа, зургийн дэвтэр, рубек шоо гээд үнэ боломжийн ч өгөөж өндөртэй бэлэгнүүд олон бий. Нөгөө талаас томчууд бид хүүхдийнхээ бэлгэнд дандаа идэх зүйл хийгээд байвал тэдний маань сэтгэхүйд бэлэг гэдэг иддэг л зүйл байдаг гэсэн буруу ойлголт ч тогтчихгүй гэж үү.
Түүнчлэн та хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах мэдээллийг сайтар уншаарай. Бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Мөн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна. Тухайлбал, төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан үгүйг нь сайтар шалгах, ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахаас эрс татгалзаарай.
Хэрэв та хүүхдийнхээ бэлгэнд тоглоом хийх гэж байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.
Нэг нас
Нэг хүртэлх насныхан элдэв янзын чихэр, жимс идэх боломжгүй тул тэдэнд чанартай, насанд нь тохирсон тоглоом бэлэглэх нь тохиромжтой. Энэхүү тоглоом нь барихад эвтэйхэн, материал эрүүл, өнгө нь хүүхдэд төвөгтэй биш цулгуй байвал зүгээр.
2-3 нас
2-3 насны хүүхдүүд өдөр бүр орчинтойгоо танилцаж байдаг. Тиймээс энэ насныханд гэр бүлээрээ тоглож болохуйц тоглоом бэлэглэвэл дуртайяа хүлээн авна. Жишээлбэл, эмчийн чагнуур, гал тогооны хэрэгсэл гэх мэт.
4-6 нас
Энэ нас нь хүүхдийн танин мэдэхүйн хувьд чухал үе юм. Энэ үед хүүхэд эд зүйлсийг ангилж, ялгаж сурахаас гадна өөрийгөө танин мэдэж эхэлдэг. Өөрийгөө юунд дуртай, ямар зүйлд илүү авьяастай байгаагаа мэдэрнэ. Иймд бэлгэнд нь аль болох задлах, холбох, эвлүүлэх боломжтой тоглоомууд хийвэл тохиромжтой.
Зургаагаас дээш нас
Зургаан наснаас хүүхдийн тоглох үйлдэл багасдаг. Энэ насны хүүхдүүдэд асуудлыг хэрхэн шийдэх гарцыг хайдаг болон дүрт тоглоом тун тохиромжтой байдаг. Тоглож байхдаа асуудал шийднэ гэдэг нь амьдрал дээр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслах дадлуудыг бий болгодог аж.
Долоогоос дээш нас
Долоогоос дээш насны хүүхдийн хувьд өөрийн сонирхлоо тодорхойлчихсон байдаг. Тэгэхээр аливааг өөрөөр нь сонгуулах нь хамгийн тохиромжтой. Үүнд тоглоом ч гэсэн багтана. Аав, ээжүүд чиглэл өгөөд аюулгүй тоглоом сонгоход л болно. Мэдээж хэрэг хүүхэд хүссэн тоглоомоо авбал хамгийн их баярлана.
Өсвөр нас
Өсвөр насныхан буюу 10-аас дээш насны хүүхдийн хувьд төсөөлөх, ургуулан бодох чадвар хамгийн дээд цэгтээ хүрдэг учраас бүтээлч чадварыг нь хөгжүүлэх, өөрөөр нь хийлгэдэг, зохион бүтээдэг тоглоом тун тохиромжтой. Тэгвэл хүүхдийн бэлэг сонгоход мэргэжлийн хүмүүс хэрхэн зөвлөснийг дараах тодруулгаас уншаарай.
Д.ЭНХМЯГМАР: ХҮҮХДИЙНХЭЭ БЭЛГЭНД СҮҮ, ЦАГААН ИДЭЭ ХИЙСЭН Ч БОЛНО
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ХСА, Өсвөр үеийн хоол тэжээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмараас дараах тодруулгыг авлаа.
-Хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан боодолтой бэлгүүд худалдаанд гарч эхэлжээ. Эдгээр бэлэгнүүд нь хүүхдэд хэр тохиромжтой байдаг вэ?
-Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хязгаарласан, хориглосон гэж ангилдаг. Тэдгээрийн зарим нь зөвхөн сургуулийн хүрээнд хэрэглэж болохгүй бүтээгдэхүүнүүд ч байдаг. Бэлгэнд боосон бүтээгдэхүүнүүдийн хугацаа, найрлага зэргийг сайтар харж авах хэрэгтэй. Хугацаа нь дууссан, буруу хадгалалтаас үүдсэн бүтээгдэхүүнүүд мөөгөнцөртсөн, аюулгүй байдал нь алдагдсан байдаг тул хүүхэд байтугай том хүнд ч хортой. Мөн хэт их чихэрлэг бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь дархлаа муудах, харшилтай болох, таргалалт, шүд цооролтод хүргэж түүгээр зогсохгүй сурах чадварт сөргөөр нөлөөлдөг.
-Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бүтээгдэхүүнийг хэрхэн ялган таних вэ?
-Хүүхдийн баяраар далим дуулан бизнес эрхлэгчид хугацаа дууссан, дуусах дөхсөн, хугацааг нь засчихсан бүтээгдэхүүнийг борлуулах нь элбэг байдаг. Ундааг гэхэд химийн аргаар найруулсан сиропоор хийсэн байх жишээнтэй. Нийтийн худалдан авалт ихэссэн үед энэ мэт бүтээгдэхүүн байгаа эсэхийг маш сайн харж, эцэг эхчүүд өөрсдөө бэлгээ боож өгвөл зүгээр.
-Танай байгууллагаас хүүхдийн баяртай холбогдуулан эцэг, эхчүүдэд ямар зөвлөмж гаргаад байна?
-Томчууд хүүхдийнхээ бэлгийг сонгохдоо сүү цагаан идээ, хүүхдийн оюуны хөгжлийг дэмжсэн ном, тоглоом зэргийг сонгох нь илүү тустай гэж зөвлөсөн байгаа. Хоолны хувьд гэртээ бэлдэж өгвөл тун зүгээр юм.