Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё 12 дахь өдрийн барилдаан тун сонирхолтой болж өнгөрлөө.
Башёг ганцаараа нэг унаатайгаар тэргүүлэгч асан Асанояама энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдан унаж Какүрюү М.Ананд аварга Рюуденийг давснаар башёг 10 даваа хоёр унаатай хоёр бөх тэргүүлж эхэллээ. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд энэ нацү башёгийн тэргүүлэгчдийг ээлж дараалан унагасаар качикоши буюу 50-иас дээш хувийн амжилтаа үзүүллээ. Харин башёг хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэн байсан секиваке Точиношин маэгаширагийн 7-оос барилдаж буй Мейсейд өвдөг шороодсоноор есөн даваа гурван унаатай болоод байна.
Энэ өдөр бас нэгэн сонирхолтой барилдаан болсон нь гэмтлийн улмаас башёг орхиод байсан Ичиножо А.Ичинноров башёд эргэн ирж хүчирхэг комүсүби Аойямаг давлаа.