Коннектикут мужийн цагдаагийн газар хэргээ хүлээхээс татгалзаж зугтсан оргодолтой нэгэн сонирхолтой тохиролцоонд хүрчээ. Хэрэв түүнийг эрэн сурвалжилж байгаа постер Facebook цахим сүлжээнд 15,000-аас доошгүй “like” цуглуулбал хэргээ хүлээж цагдаагийн газарт өөрийн биеэр ирэхээр тохиролцсон байна.
29 настай сэжигтэн оргодол Хосе Симмс Нью-Йоркийн хаа нэгтээ нуугдаж байгаа гэж цагдаа нар үзэж байгаа юм. Цагдаагийн хошууч Брет Жонсоны хэлснээр цагдаагийн байгууллагын албан ёсны Facebook хуудсанд оргодол гэмт этгээдийг эрэн сурвалжилж буй зар тавигдсаны дараа өөрөө холбогджээ. Тэрээр оргодолтой наймаалцах хэцүү ч биелүүлж болох даалгавар хэмээн тооцсон байна. Цагдаагийн газраас Симмсийн нуугдаж байгаа газрыг мэдэж байгаа болон түүнтэй холбоотой ямар нэг мэдээлэлтэй хүн байвал нэн даруй холбогдохыг хүсчээ.
Гэмт хэрэг, цагдаагийн ёсзүйн шинжээч Маки Хаберфелд энэ явдлыг хууран мэхлэлт, доог тохуу хэмээн тайлбарласан байна. Сэжигтэн цахим сүлжээгээр дамжуулан тохиролцоо хийх нь цагдаагийн албан хаагчид болон хэвлэл мэдээллийнхнийг төөрөгдүүлж наргиж буй заль хэмээн тайлбарлажээ. Улмаар ард иргэд хуулийн үнэ цэнийг умартаж уландаа гишгэх хүртэл сөрөг үр дагавартай гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com