СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-28

“Найман шарга” дээр эргэлдэж байгаа валют банкны системтэй харьцуулахад гурван хувьд ч хүрэхгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ гаргаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Ийм шийдвэр гаргах гол учир шалтгаан нь юу байсан бэ? 

-Манай эдийн засгийн өсөлт сэргэж байна. Инфляцын өсөлт ч бас Монголбанкны хяналтанд байна гэж хэлж болно. Наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд зургаан хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.4 хувьтай гарсан. Энэ бол Монголбанкны зорилт болох найман хувь орчмын түвшинд нийцэж байгаа. Бодлогын хүүг ихэсгэх үү, багасгах уу гэдэг асуудлыг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэж шийдвэрлэдэг. Хороо жилдээ дөрвөөс доошгүй удаа хуралдах ёстой. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалъя гэдэг шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө. Мэдээж эдийн засгаа дэмжих үүднээс харвал нэгэнт инфляц тогтвортой байгаа учраас хүүг бууруулах боломж бий. Гэхдээ гадаа орчны нөлөө таатай биш байна. Ялангуяа том гүрнүүдийн хооронд “Худалдааны дайн” гэж нэрлэгдээд буй маргаан хүчтэй өрнөсөөр байна. Хоёрдугаарт манай голлох түүхий эдүүдийн үнэ үүнээс хамаарч уналттай байна. Зэсийн үнэ 7000 ам.доллар байсан бол 6000 руу орчихлоо. Нүүрсний үнэ  70 ам.доллараас илүү байсан бол 60 орчим ам.доллар болсон. Алтны үнэ бас 1300 ам.доллараас 1200 руу буурсан. Энэ бүх шалтгаан бодлогын хүүг бууруулах боломжийг хязгаарласан.

-Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгална гэдэг нь бизнес эрхлэгчдийн хувьд юу гэсэн үг вэ?

-10 хувьд хэвээр үлдээнэ гэдгийг бизнес талаасаа харвал бүх зүйл тогтвортой байна гэж хэлж болно. Тэгвэл яагаад буураагүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд гадаад орчны нөлөөлөл байна. Монголбанк үүнийг анхааралтай ажиглаж хянаж байна.

-Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож нэмэгдүүлэхээр болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн талаар та тайлбар өгнө үү?

-Мөнгөний бодлогын хорооноос гаргадаг бас нэг чухал шийдвэр нь макро зохистой бодлогын хүрээнд банк санхүүгийн секторын үзүүлэлтүүдэд тодорхой хязгаарлалт тавьж өгч байгаа.  Энэ удаад бид валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөсөн. Өмнө нь энэ харьцаа 120 хувь байсан. Бизнес идэвхжихийн хэрээр банкнаас олгож байгаа зээл өсч байна. Оны эхнээс  30 гаруй хувиар өсөөд байна. Үүн дотроо валютын зээл 40 гаруй хувийг эзэлж байгаа. Ингээд харвал зээл авах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж долларын орлогогүй мөртлөө, зөвхөн хүү бага гэдэг шалтгаанаар валютын зээл авч байгаа юм. Энэ нь эргээд эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох, ханшийн хөдөлгөөнөөс үүдэлтэй эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2016 оны сүүлээр валютаар зээл авсан хүмүүс ханшийн зөрүүн дээр их хэмжээний алдагдал хүлээсэн гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Ийм байдал үүсгэхгүйн тулд урьдчилж арга хэмжээ авч байгаа юм. Хоёрдугаарт, банкны хувьд валютаар зээл олгохдоо ханшийн эрсдэлийг зээл авсан хүн өөрөө хариуцна гэж боддог. Гэтэл нэгэнт зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд банкинд л түвэгтэй байдал үүсдэг. Тийм учраас зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж банкны эрсдэлийг ч бас хамтарч, хуваалцах ёстой шүү гэдгийг илэрхийлсэн шийдвэр юм.

-Валютын ханшийн тухайд энэ оны сүүлээр ямархуу хөдөлгөөнтэй байх бол. Бизнесийнхэн ханшийн хөдөлгөөн, хүлээлтийг ажиглаж байж, дараагийн шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Сүүлийн үед ханш тодорхой хэмжээгээр хөдлөөд эхэлчихлээ?

-Төгрөгийн ханш ам.дол ларын эсрэг оны эхнээс 3.4 хувиар суларсан. Зөвхөн Монголд гэлтгүй, дэлхий нийтэд ам.долларын ханш чангарах дарамт байгаа.  Аргентины песогийн ханш ам.долларын эсрэг бараг 50 хувиар сулраад байна. Туркийн лирийн ханш нэг өдрийн дотор таван хувиар унаж байх жишээний.  Ерөнхийдөө АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотойгоор хөгжиж байгаа орнуудаас ам.доллар гадагшлах үйл явц өрнөж байгаа. Энэ нь дээрх улсуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамтыг бий болгож байгаа. Хятадын юань л гэхэд ам.долларын эс рэг найман хувиар суларсан байгаа. Энэ бүхэнтэй харьцуулахад Монголын хувьд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

-Ер нь цаашдаа Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотойгоор ам.долларын ханш чангарсаар байна гэж та харж байгаа юу?

-Америкийн Засгийн газрын бодлогоос л хамаарна. Ялангуяа худалдааны дайн буюу тариф тогтоож байгаа асуудал байна. Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятад руу гаргаж байгаа. Импортын хувьд Оросоос ихэнх нефть бүтээгдэхүүнээ импортолж байна.  Оросын хувьд хориг арга хэмжээнд орсон. Хятадын бараа, бүтээгдэхүүн дээр АНУ тариф тогтоогоод эхэллээ. Энэ нөхцөл байдал цаашид хүндэрсээр байвал энэ хоёр улс мэдээж эсрэг арга хэмжээ авна. Тэгэхээр зөвхөн Монголд зориулаад аливаа бодлогын өөрчлөлтөө хийхгүйгээр хүлээхгүй шүү дээ. Тухайлбал, ОХУ нефтийн бүтээгдэхүүний хилийн үнээ өсгөөд эхэллээ. Тэр хэрээр бидний худалдан авч байгаа шатахууны үнэ өсч байна гэсэн үг. Экспортын хувьд ч бас Хятад импортлох гэж байгаа түүхий эдийг хязгаарлаад, тариф тогтоогоод эхэлбэл, Монголын эдийн засагт бас л том дарамт учруулна.

-Дотоодын банк, санхүүгийн салбартай холбоотой асуудлаар таны байр суурийг тодруулъя. Эдийн засаг сэргэж байгаа ч чанаргүй зээлийн хувь хэмжээ төдийлөн буурч чадахгүй байна. Учир шалтгаан нь юу байна вэ?

-Эдийн засаг хэдийгээр сэргэж байгаа ч бүрэн хэмжээнд сэргэж амжаагүй байгааг чанаргүй зээлийн үзүүлэлт илтгэж байна. Хэрвээ эдийн засаг үнэхээр бүрэн сэргэсэн бол чанаргүйдсэн, муу зээлүүд төлөгдөх ёстой. Эсвэл банкны шинэ зээлээр солигдох ёстой. Тэгэхээр энэ хэмжээний өөрчлөлт явагдаж чадаагүй л байна гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн дотоодын асуудал биш бас л гадаад орчинтой холбогдож байгаа. Хэдийгээр уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдэж байгаа ч бидний гол худалдан авагч болох Хятад улс импортын нүүрсэн дээр квот тогтоож эхэлж байна. Энэ нөхцөлд бид хэмжээ хязгааргүйгээр экспортоо өсгөж чадахгүй байна шүү дээ.

-Гадаад валютын нөөцийг хэдий хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын нөөцийг импортын нэг жилээс доошгүй хэмжээнд хүргэх ёстой гэдгийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаж өгсөн. Өнөөдөр ГВУН гурван тэрбум ам.доллар байгаа нь Монгол Улсын импортын найман сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа. Тэгэхээр бидний хувьд дахиад дөрвөн сарын хугацааны импортыг хангах хэмжээгээр нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ эдийн засгийн хандлагаа харвал, Монгол Улс бүгдийг үйлдвэрлэж чадахгүй. Тийм учраас эдийн засаг сэргэхээр дагаад импорт нэмэгдэж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын импорт эдийн засгийн сэргэлтээ дагаад өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар өсчихсөн байна. Энэ нөх цөл байдал бидэнд нөөцөө хуримтлуулах бо лом жийг хязгаарлаж байна.

-Монголбанкнаас ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тог тоосон.  Ирэх оноос мөрдүүлнэ. Энэ шийдвэр эдийн засагт бодитойгоор ямар нөлөө үзүүлэх бол?

-Эдийн засгийн сэргэлтийг дагаад зээл өсч байгаа ч дийлэнх хувь нь хэрэглээний зээл болчихоод байна. Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өсч байна гэж харж байгаа. Эдийн засаг сэргэж байга ч гадаад орчны нөлөөгөөр энэ сэргэлт хангалттай хэмжээнд бэхжиж амжаа гүй байгааг дээр дурдсан. Тийм учраас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэсэн үг. Хэмжээ, хязгааргүйгээр хэрэглээний зээл авах хэрэггүй, өрийн дарамтанд орж болохгүй шүү гэдгийг л сануулж байгаа юм. Ипотекийн зээлээс бусад аливаа хэрэглээний зээлийн хугацаа гурван жилээс хэтрэхгүй.

-Өнөөдөр иргэдийн гар дээр очиж байгаа валютын ханшийг “Найман шарга” тодорхойлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Найман шарга” дээр ханш өссөн хэвээр байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх уу, төв банк ямар бодлого баримтлах вэ?

-Яг “Найман шарга” дээр эргэлтэнд орж байгаа валютын хэмжээг нийт банкны системийн хэмжээнд эргэлдэж байгаа валюттай харьцуулбал, маш бага буюу гурван хувьд ч хүрэхгүй. Гэхдээ банкаар үйлчлүүлэхээс илүү амар гэдэг утгаар нь иргэд “Найман шарга”-ыг зорьдог л доо. Энэ утгаараа олон хүн очиж байгаа учраас хэдий том хэмжээнийх биш ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тийм учраас хянаж, зохицуулахад бол асуудалгүй. Гэхдээ “Найман шарга”-ын ханш өөрөө банкны самбарын ханшаас эх үүсвэрээ авдаг. Тэр утгаараа банк хоорондын зах дээр ханш тогтвортой байвал тэнд ханш савлах шалтгаан гарахгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.