СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сүхбаатарын талбайд 70 хүртэлх хувийн хямдралтай номын худалдаа болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

“Улаанбаатар номын баяр-2019” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ жилийн номын баяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдаж байгаа бөгөөд энэ сарын 23-25 өдрийн хооронд гурав хоног үргэлжлэх аж. .

“Интерном” дэлгүүр англи хэлээр хэвлэгдсэн бүх номоо 3000 төгрөгөөр, Монголын зохиолчдын бүтээл хийгээд орчуулгын бүтээлүүдийг 20-70 хувийн хямралтайгаар худалдаалж байсан бол “Мир” номын их дэлгүүр бүх номоо 20 хувиар хямдруулан худалдаалж байлаа.

Харин хуучин номын худалдаачид асрын голоор дэлгэсэн бүх номоо 1000-5000 төгрөгөөр, хоёр хажуу талын эгнээнд өрсөн номоо төрөл бүрийн үнэ ханштайгаар зарж байв.

Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Номын баяр энэ жил их өргөн болж байна. Түмэн олон маань номын авшиг, хийморь дор сайхан баярлаж байна. Их зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй суутнууд, Ч.Лодойдамба, Б.Явуухулан, Н.Нямсүрэн зэрэг үе үеийн шилдэг зохиолчдыг нэрлэж болно. Түүхт ой энэ жилийг дуустал бүтэн жил үргэлжилнэ. Энэ жил агуу их өгүүлэгч С.Эрдэнийн 90 жилийн ой, хувьсгалын гал улаан туг болсон найрагч Ц.Гайтавын 90 жилийн ой, дэлхийн гарамгай найрагч Д.Нямаагийн 80 жилийн ой, Төрийн шагналт яруу найрагч, жинхэнэ адармаат сэтгэлгээт Н.Нямдоржийн наадам зэрэг олон олон ой давхацсан жил болж байна. Архангай аймгийн зохиолч О.Цэндийн ой болно. Би номын баярын өдрөөр хамгийн сүүлд гаргасан 700 гаруй хуудастай Монголын шилдэг нийтлэл гэдэг номоо худалдаалж байна. Би сэтгүүл зүйн салбарт 40 жил ажилласан. Энэ хугацаанд хийсэн шилдэг нийтлэл ярилцлагуудаа дээжлэн энэ номдоо оруулсан. Тухайлбал, Х.Чойбалсантай есөн жил ажилласан хүнтэй хийсэн ярилцлага, Төр засгийн гарамгай удирдагч байсан Т.Рагчаа, н.Жалнаажав гэхчилэн түүхт хүмүүстэй хийсэн ярилцлага хүртэл байгаа. Сэтгүүлчдийн ярилцлага авч чадахгүй байгаа Лодонгийн Түдэв гэдэг агуу хүнтэй хийсэн ярилцлага хүртэл байгаа. Энэ бүтээл маань хүмүүсийн сонирхлыг маш их татаж байгаа. Их ч худалдан авч байна” гэв.

“Улаанбаатар номын баяр-2019” өдөрлөг гурав хоногийн турш үргэлжлэх тул номын хорхойтон та бүхэн маань Сүхбаатарын талбайд зочилж өөрт таалагдсан номоо 70 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан авахын зэрэгцээ нэрт зохиолч яруу найрагчдаар гарын үсгийг нь зуруулан номыг нь худалдан авах завшаан тохиолдож байгааг дуулгахад таатай байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.