БНХАУ-ын аж үйлдвэрийн бүс нутаг дэлхийн агаар мандлыг нарны хэт туяанаас хамгаалагч озоны давхаргыг цоолж буй хорт хийг их хэмжээгээр ялгаруулж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Ингэснээр Хятадын засгийн газар олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаа юм.
2013 оноос хойш хятадын зүүн хойд бүсийн үйлдвэрүүд 7,000 тн Хлорофлюорокарбон-11 /CFC-11/ хорт бодисыг ялгаруулсан гэж үзжээ.
CFC-11 хорт бодисыг 1970-1980 оны хооронд хөргүүр болон хөөсөн дулаалгад түгээмэл ашигладаг байжээ. 1987 оны Монреалийн протоколоор Хлорофлюорокарбон төрлийн химийн бодисуудыг аж үйлдвэрийн салбарт ашиглахыг хориглож олон улсын хамтын нийгэмлэг гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ийм төрлийн бодис нь дэлхийн гадаргуугаас 10-40 км-т байдаг озоны давхаргыг цоолж нарны хорт туяаг сааруулах боломжгүй болно гэж үзсэн.
Дэлхийн улс орнуудад хориг тавьснаас хойш 2012 он хүртэл Хлорофлюорокарбоны ялгаруулалт тогтмол буурсаар иржээ. Гэвч 2013-2017 оны хооронд буурах үзэгдэл удааширсан байна.
Хятадын аж үйлдвэрийн бүсэд 2014-2017 оны хооронд ялгарсан CFC-11 хорт бодисын хэмжээ 2008-2012 онд ялгарч байснаас 110 хувиар ихэссэн байгаа юм. Энэ нь одоо ашиглаж байгаа хийнүүдээс хямд тул хууль бус хийн үйлдвэрлэлд хэрэглэх нь ашигтай. Озоны давхаргыг гэмтээж буй химийн бодисын дийлэнх нь Хятадаас ялгарч байгааг судалгаагаар ийн баталсан юм. Хятадаас гадна Өмнөд Америк, Африкаас CFC-11 бодис их хэмжээтэйгээр ялгарч байгааг тогтоожээ. Үүний хор уршгаар озоны давхарга нимгэрч цоорохоос гадна дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хурдасгаж байгаад эрдэмтэд зовниж байна.
CFC-11 бодис нь хүлэмжийн хийтэй адил удаан буюу хагас зуун жил оршин тогтнох чадвартай, озоны давхаргыг цоолохоос гадна эргэн нөхөгдөх шатлалыг удаашруулдаг гэж үзэж байгаа юм.
Олон улсын эрдэмтдийн баг Хятадаас гадна Япон, Тайвань, Солонгос зэрэг Азийн орнуудын агаар мандлын мэдээллийг судалсан байна. Ингэхэд CFC-11 бодис Япон, Солонгосын хойг болон бусад улс орнуудад ихэссэн гэх мэдээлэл олдоогүй аж.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com