УИХ-аар баталсан Татварын багц хуулинд Монгол улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь хориг тавьсан. Хориг тавьсан албан бичигт "батлагдаагүй хууль орсон" учир хүлээн авах боломжгүй гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, "Хуулийг сайн уншаагүй, буруутгахын төлөө сургаар хандсан тал байна" гэж дүгнэсэн. УИХ дахь МАН-ын бүлэг ч түүнтэй 100 хувь санал нийлж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас МЭДЭГДЭЛ гаргахад алдаа гаргасан мэргэжилтэнд хариуцлага тооцсон талаараа мэдээлжээ. Үүнд,
"Татварын багц хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д албан бичгээр уламжилж залруулга хийсэн. Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно" гэжээ.