УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгд, Татварын багц хуультай холбоотой Ерөнхийлөгчийн хориг, хоёрт, УИХ-аас гарсан Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсныг бүлэг хэлэлцээд 100 хувийн саналаар "Хүлээн авах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргалаа.
Харин Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд, ажлын хэсэг сайн ажилласан. Дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын тухай гаргасан МАН-ын Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцсэн. Д.Дамба-Очир гишүүний хувьд ямар ч улсын нууц задруулаагүй. Ш.Раднаасэд гишүүний хувьд тэрхүү хуулийг санаачлаагүй учир үүнийг залруулах нь зүйтэй гэж үзсэн. Ш.Раднаасэдийг намаас гарах өргөдлөө өгсөн гэдэг бол ташаа мэдээлэл. Үүнтэй холбогдуулж, бүлгээс мэдэгдэл гаргасан.
-Төрийн ордонд баасан гарагт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Камержуулалтын талаар бүлэг дээр ярьсан зүйл байна уу?
-Төрийн ордон камергүй гэдгийг одоо л мэдэж байна. Бүлэг дээр энэ талаар хэлэлцээгүй.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Татварын хуулийг олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөх зорилт тавьсан. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчөөс ирсэн саналын зургааг нь хуулинд тусгасан. Хуулийг сайн уншаагүй, буруутгахын төлөө сургаар хандсан тал байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны 11 сард гарсан. Түүнээс хойш хэлэлцэхгүй байгаад харамсаж байгаа. Бид энэхүү дүгнэлтээр гурван зүйлд анхаарах шаардлагатай гэж үзсэн. Нэгд, Оюутолгойтой холбоотой Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлээгүй, хөрөнгө оруулагчдад давуу тал олгосон байна гэж үзэх үндэс байна. Хоёрт, Хоёр талын ажлын хэсэг гарч, мониторинг хийн, гэрээг сайжруулах шаардлагатай. Гуравт, Дубайн гэрээ гэгддэг Далд уурхайн санхүүжилтийн гэрээ нь Монгол улсын хууль, тогтоомжийг зөрчсөн учир цуцлах шаардлагатай гэж үзэж байгаа.