Ц.Даваасамбуу
Жил бүр олон мянган дүрвэгч иргэний дайн, эмх замбараагүй байдал, мөргөлдөөнөөс дайжин Ливээр дамжин Европ тивийг зорьдог. Тэд Ливээр дамжин Газар дундын тэнгист хүрэхийн тулд өмсөж буй хувцаснаасаа бусдыг зарж, хууль бус тээвэрлэгчдэд өгдөг. Харин саяхнаас Газар дундын тэнгист гарч буй дүрвэгч, цагаачдын завины тоо эрс буурчээ. Учир нь дүрвэгсдийг хууль бусаар хил давуулагчид замаас нь дуудлага худалдаагаар боол болгон худалдах, хүний наймааны золиос болгох тохиолдол эрс ихэссэн байна.
“CNN” агентлаг дүрвэгсдийг боол болгон худалдаалж буйг нотлох хэд хэдэн чухал нотолгоог цуглуулж, Ливийн холбогдох албаныханд өгчээ. Ливийн эрх баригчид ч уг ажиллагааг шалгаж, зохих арга хэмжээ авна гэдгээ амалсан байна. Тус улсын Засгийн газрын цагаачлалын эсрэг агентлагийн ахлах дэслэгч Насар Хазем “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Боолын дуудлага худалдаа өмнө ерөөсөө болж байгаагүй. Харин дүрвэгсдийг хил дамнуулан худалдаалах гэмт хэрэг олон удаа гарч байсан. Үнэндээ хууль бусаар хил давуулагчид дүрвэгч, цагаачдаас их хэмжээний мөнгө авч хил давуулдаг хил давсны дараа дүрвэгсэд хэрхэх нь хэнд ч хамаагүй. Ерөнхийдөө эрхтний наймаа Ливид цэцэглэж, зогсолтгүй өсч байна гэх үү дээ. Сирийн цагаачлалын давалгаа эд эрхтний наймааг улам өргөжүүлсэн” гэжээ.
2000 он гарсаар Ливид Сириэс дүрвэгсэд цутгах мэт асар ихээр орж ирсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар нэг сая гаруй дүрвэгч бий гэсэн тоо байна. Өнгөрсөн онд л гэхэд 26 гаруй мянган хүүхэд Газар дундын тэнгисийг гатлах аюултай аялалд оролцсон бөгөөд тэдний олох нь гэмт хэргийн золиос болжээ. Олон улсын шилжин суурьших хөдөлгөөний байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Мохаммед Абдикер “Боолын зах зээлийн тухай цочирдом мэдээлэл болон баримтыг жагсаавал нэлээнд урт жагсаал болно. Боолын дуудлага худалдаа хийдэг тусгай газар гэж байхгүй. Дуудлага худалдаа олон хүн цугладаг, үйлчилгээний газрууд болон томоохон захуудад явагддаг” гэжээ. Нигер Улсаас Ливид ирээд боолын наймаачдад баригдан дуудлага худалдаагаар орж зарагдсан 21 настай нэгэн залуу Ливид 1.4 жил амьдарсны эцэст суллагджээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа дүрвэгсэд Ливи хүртэлх замдаа хоол хүнсээ хулгайд алдах, хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох, боол болон зарагдах зэрэг маш хүнд замыг туулдаг тухай ярьжээ.
Мөн тэрбээр “Ээж минь миний амьдралыг өөрчлөхийн тулд хажуу тосгоноос мөнгө зээлж өгсөн. Би хил давахын тулд хууль бусаар хил давуулагчдад 2780 ам.доллар зарцуулсан. НҮБаас дүрвэгсдийн урсгал буурч буй талаар мэдээлсээр байгаа.
Үнэндээ бүс нутаг нь тогтворжоод хүмүүс дүрвэхгүй байгаа юм биш, дүрвэгсдийн явж өнгөрдөг маршрут улам бүр хэцүү, аюултай болж олон мянган дүрвэгч Европт хүрэх мөрөөдлөө орхиж байна” гэжээ. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 8800 орчим дүрвэгч Олон улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагад хандан эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Анх дүрвэгсдийн урсгал нэмэгдэж эхэлсэн үед буюу 2011 онд Египет Израилийн хилийн орчимд орших Синайн хойгийн элсэн цөлөөс дотор эрхтэнгүй дүрвэгсдийн цогцос их хэмжээгээр илэрч байсан. Тухайн үед энэ хэргийг хил даван дүрвэгсдийг зуучилдаг цыгануудтай холбон тайлбарлаад өнгөрсөн. Гэмт бүлэглэлүүд дайн дажны хөлөөс зугтсан дүрвэгсдийг хил давуулан зуучлах нэрээр хуурч амийг нь хороогоод баруун европ руу эд эрхтний наймаа хийсээр байна. Энэ нь сүүлиийн жилүүдэд улам бүр хүрээгээ тэлж, эрхтний наймаанаас гадна боолын худалдаа хүчээ авч байна. Олон улсын хэмжээнд 1926 оны есдүгээр сарын 25-ны өдөр боолчлол, боолын худалдааг хориглох тухай конвенцийг баталж, 1927 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Гэвч 90 жилийн дараа боолын худалдаа дахин хүчээ авч эхэллээ.
эх сурвалж: http://edition.cnn.com/2017/11/14/africa/libya-migrant-auctions/index.html