Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль дөхөж буйтай холбогдуулан нэр дэвшигчээ намын бага хурлаасаа тодруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл төрийн ордонд хуралджээ. Хурлаар МАН-ын Бага хурлыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 28-нд хийхээр товлосон аж.
Тус намаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн "намын дарга нэр дэвшинэ" гэсэн мэдээллийг өрсөлдөгч намуудад хүргэсний дараа нэр дэвшигчээ сольж өөр хүн өрсөлдүүлж магадгүй гэсэн яриа ч гарч байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн шинэхэн байгуулагдсан БСШУСЯ-ны харъяа Соёл урлагийн газрын даргаар томилогдсон МУГЖ, дуучин Г.Эрдэнэбат сонгуульд бэлдэн өөрийгөө сойж байгаа бололтой.
Тэрбээр өнгөрсөн 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой байсан ч тойрог олдоогүй гэх шалтгаанаар хоосон үлдсэн нэгэн.