У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн цацагдаж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Францийн нэг компани яамаар нь дамжуулж нэг сайдад 1,2 сая еврогийн хахууль өгсөн" гэж хэлсэн.
Тэгвэл энэ асуудлыг шалгаж, тогтоох чиглэлийг Ерөнхий сайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн ажээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээс 10 сая ам.доллар авсан бол үнэнээ хэлээд хэвлэлийн бага хурал хий гэсэн. Бүгд тийм зүйл байхгүй гэсэн. Энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шалгаж тогтоох чиглэлийг өгсөн. Энэ мэдээ нэг талдаа улс төрийн зорилготой байж магадгүй. Үнэхээр тийм хэрэг байвал хууль хяналтын байгууллагаар тогтоох байх. Хууль зүйн сайд өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт 10 сая америк долларыг хэн нэгэн авсан гэдэг мэдээлэл албан ёсоор орж ирээгүй гэдгийг мэдээлсэн” гэлээ.