Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийж Төрийн ордныг шинээр барих асуудлыг хөндөх гэж байгаа ажээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
“Төрийн ордон мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр нурахад бэлэн болсон нь тогтоогдсон. Энэ асуудлыг хөндөхөөр "Асар их мөнгөөр төрийн ордон барих гэлээ" гэсэн улс төржилт гардаг. Хэл амнаас айж явсаар өнөөдөр орчин үеийн түвшинд хүрсэн өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Ганц жишээ дурдахад Тавантолгойн зэвсгийн агуулахад ямар нэг байдлаар дэлбэрэлт болбол Төрийн ордон нурах эрсдэлтэй. Ингэж явсаар төрийн ордон нурсны дараа, олон хүн дарагдаж амиа алдсаны дараа тэгдэг байж, ингэдэг байж гэж ярихгүйн тулд өнөөдөр шинэ төрийн ордон барих асуудлыг ЗГХ-нд танилцуулна, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эцэслэж шийдвэр гаргах ёстой" гэлээ.
Мөн Төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэх талаар ч тэрбээр танилцуулгадаа дурджээ.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Төрийн ордонд камергүй шахам юм байна гэх шүүмжлэл гараад буй. Тэгвэл шинэ төрийн ордныг барихдаа бүрэн камержуулалт, олон хаалгатай байх зэрэг аюулгүй талаас нь анхаарсан гэлээ. Тэрбээр Төрийн тусгай албаныхантай уулзсан байна. Ордныг камержуулах асуудлыг удаа дараа хөндсөн ч УИХ-ын гишүүд өөрсөө нууцад халдаж, тагнаж чагнах гээд байна гээд үгүйсгэсээр ирсэн юм билээ. Цаашид Төрийн ордон архидалтгүй байх, гишүүд нууцаар архи оруулж ирдэггүй байх тал дээр анхаарах ёстой гэж бодож байна гэлээ.