Индонези улсад болж өнгөрсөн сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгч Жоко Видодо улиран сонгогдсон билээ. Түүнтэй хамт өрсөлдөж ялагдсан нэр дэвшигч Прабово Субьяантогийн дэмжигчид нийслэл Жакарта хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Тайван замаар эхэлсэн жагсаал удалгүй хэв журам сахиулах цагдаа нар болон жагсагчдын мөргөлдөөнөөр үргэлжилж, эсэргүүцэгчид тээврийн хэрэгслүүдийг галдан шатааж эхэлсэн байна. Тэд цагдаа нар луу галт бөмбөг шидэж, хариуд нь нулимс асгаруулагч хий цацжээ.
The Guardians сонины мэдээлснээр мөргөлдөөний улмаас зургаан хүн амиа алдсан ба 200 гаруй хүн гэмтэж бэртэн, эмх замбараагүй байдалд турхирсан гэх олон арван хүнийг баривчлан саатуулсан байна.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр Жокови 55,5 хувийн саналаар өрсөлдөгч Прабово Субьяантог ялсан. Үүний дараахан Субьяантог дэмжигч олон мянган иргэн жагсаалд нэгдэж эрх баригчид аюулгүйн хүчний 32,000 бие бүрэлдэхүүнийг тараан байршуулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com