Өндөр настан Ш.Золжаргал өнөөдөр /2019-05-22/ хилс хэрэгт холбогдон хохирсон 17 настай хүүгийнхээ асуудлаар мэдээлэл хийлээ.
Ш.Золжаргал
-Миний талийгаач хүүг М.Энхболд гэдэг байсан. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн сурагч н.Батмөнх гэдэг хүү 2000 оны зургаадугаар сарын 6-ны өдөр архи уучихсан сургууль дээрээ ирсэн юм билээ. Ингээд тэр хүүхэд сургуулийнхаа хүүхдүүдтэй маргалдан зодолдсон гэдэг юм. Уг зодоонд миний хүү оролцож, ганц өшиглөсөн гэж мэдүүлсэн байсан.
Энэ хэрэг тухайн өдрийн 12 цагт болсон байдаг. Тус зодоон болсноос хойш хүү минь гурав хоног алга болчихоор нь хайгаад байтал цагдаагийн байцаагч хүүг минь хорьчихсон байсныг мэдсэн. Тэгээд шүүх хурал болоход н.Батмөнх гэдэг хүүхдийн нүдний сувгийг тасалж хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэн чангад гурван жилийн хорих ял оноосон. Тухайн зодоонд оролцсон хүүхдийн ээж нь миний хүүд “Би чамайг хэргээс суллаад авчихна. Миний дүү хэргийг ганцаараа хүлээчих” гэж хэлээд хүлээлгэсэн байсан.
Миний хүү энэ хэргийн улмаас шоронд суугаагүй боловч насаараа гэмт хэрэгтэн гэдэг сэтгэл зүйн дарамттай явсан. Хохирогч н.Батмөнх гэдэг хүүхэд манайхаас худлаа хэлж 400 гаруй мянган төгрөгийг тухайн үед гаргуулан авснаар энэ хэрэг өндөрлөсөн” гэв.-
-Таны хүү ямар учраас нас барсан юм бэ? 2000 онд хөнөөгдсөн юм уу?
-Миний хүү 2016 онд Хөшөөтийн уурхайд ажиллаж байхдаа машин эвдэлсэн гэх хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн цагдаа Гангантөгс холбогдуулан шалгасан. Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор зодуулж нас барсан. Би арав гаруй хоног сахиад бараагүй дээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шүүх байгууллага бусдыг хилсээр яллаж хорлодогт би гомдолтой явдаг. С.Зоригийн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан шиг миний 17 настай хүүг хилсээр яллаж хохироосонд гомдолтой явдаг.