Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өнөөдөр /2019.05.22/ мэдээлэл хийлээ
АН-ын дарга С.Эрдэнэ
"Сүүлийн хоёр жил У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар авлигажсан, ЖДҮХС-аас зээл авч, давуу эрх өөрсөддөө бий болгосон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн гэж гоё тоо ярьж байгаа ч бодит амьдрал дээр инфляци өссөн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, замбараагүй болсон, яам дээр хүний амь эрсэдсэн хэрэг нь өнөөдөр ч шийдэгдээгүй, сайд нар нь 10 сая ам.долларын авлига авсан гээд олон асуудал ямар нэг байдлаар тодорхой болсон зүйл алга байна. У.Хүрэлсүхийн толгойлж байгаа энэ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцрохыг шаардаж, шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагыг авч хэлэлцсэнгүй, УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дараалалд ч оруулсангүй, үл тоож байна.
Ардчилсан намаас Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Одоо болтол хариу өгөөгүй, арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудалд аюулын харанга дэлдэж байна. Нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй аюул занал учруулж байна. Үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна.
Иймд Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулж, бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон ажээ.
АН-ын дарга С.Эрдэнэ
"Монгол Улсад өнөөдөр хууль алга. Хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гараад ирлээ. ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, аллагатай холбоотой асуудал гээд олон асуудал шийдэгдсэнгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд хэт улстөржсөн өнцгөөс хандаж байна. 51 хувийн асуудлаар хэн ч, юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эхний төлбөрийг хийгээд цаана нь ямар луйврын тохиролцоо хийсэн нь тодорхой бус, 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийгдсэн дуулдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр “Эрдэнэт”-ийн асуудалд оролцсон эрхмүүдийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. УИХ-ын гишүүдийн 50 нь ямар нэгэн хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах битгий хэл үйл ажиллагаа явуулах эрхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” гэлээ.
УИХ-ын 75 гишүүний 50 нь ЖДҮХС болон Концессийн гэрээний хэрэгт холбогдсон болохыг АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ
-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Түүнээс гадна Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байгаа. Энэ бол эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.
-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Тэгэхээр тухайн хэрэг болсон газар камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?
-Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явдалтай холбоотойгоор тохиолдлын хэрэг биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Энэ хэргийг хуулийн байгууллага яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан, тухайн орой талийгаач бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэсэн мэдээллийг маш шуурхай тарж эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай, хуулийн байгууллага шалгах ёстой. Олон түмний анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл байсан. Үүний цаанаа жинхэнэ энэ хэргийг сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид харж байгаа учраас хуулийн байгууллага шалгах ёстой. Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан даргын хэлснээр гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг гэж хэлсэн. Ямар ч гэсэн энэ хэргийг шударгаар шийднэ гэдэг итгэл бидэнд байгаа.