Канзас мужийн Юлиссес хотын сурагч 17 настай Брэкстон Морал энэ жил ахлах сургуулиа төгсөхдөө давхар Харвардын их сургуулийн төгсөгч болж байгаа юм. Тэр энэ сарын 30-ны өдөр Харвардын их сургуулиас дипломаа гардан авах ажээ.
Моралын эцэг эх хүүгээ 11 настай байхад нь Харвардад бүртгүүлсэн байна. Хүүгээ хичээлдээ сонирхолгүй байгааг мэдээд илүү их зүйл сурах урам зоригийг нь төрүүлж хөгжүүлэхийн тулд Харвардын их сургуулийн уртасгасан сургалтыг олжээ.
Энэ сургалт нь ихэвчлэн ажил эрхэлдэг эсвэл коллежийн насны биш хүмүүст зориулсан хөтөлбөрийг баримталдаг байна. Ихэнх хичээлээ онлайнаар суралцах боломжтой бөгөөд 16 кредит цагийн хичээлийг дэлхийд алдартай чансаагаараа тэргүүлэгч их сургуулийн Кэмбриж дэх хичээлийн байранд судлах ёстой байдаг ажээ.
Морал ердөө 17 настай ч Харвардын их сургуулийн зэрэгтэй төгсөгч болсон гэдгийг сургуулийн захиргаа баталсан байна. Хүүгийн ярьснаар ахлах сургууль, Харвард хоёрт зэрэг суралцах амар байгаагүй гэжээ. Ахлах ангид завгүй байсан ч өдөр бүр хоёр цагийг Харвардын хичээл судлахад зориулсан байна. Гэр бүлийнхэн нь түүнийг жаахан байхаасаа л ухаантай, сэргэлэн, аливаа зүйлийг нэг хараад л тогтоодог өвөрмөц чадвартай хүүхэд байсныг ярьжээ.
Морал өөрийн туршлагаа бусад хүүхэд залуус, өсвөр үеийнхэнтэй хуваалцахаар “Harvard in the Heartland” номоо хэвлүүлж байгаа юм. Уг номондоо Канзас нутгийн жижиг тосгоны хүүд заяасан оюун ухааны чадамжийн талаар өгүүлнэ гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com