Nike, Adidas зэрэг дэлхийн шилдэг гутал үйлдвэрлэгч компаниуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал илгээжээ. Тэд худалдааны зөрчил маргааны улмаас бараа бүтээгдэхүүнд хэт өндөр татвар оногдуулснаар хэрэглэгчдэд хүнд цохилт болно хэмээн эмээж байна.
Дэлхийн 172 гутал үйлдвэрлэгч компани Ерөнхийлөгч Трамп импортын барааны татварыг 25 хүртэл хувиар нэмснээр бүтээгдэхүүний үнэ өсч, энэ нь дундаж давхаргын ажилчин ангийнханд хүндээр тусна гэдгийг захидалдаа дурджээ. Энэ байдлаараа цаашид илүү өндөр татвар ноогдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаад бизнес эрхлэгчид зовниж байна.
Тиймээс худалдааны дайныг дуусгах цаг болсон хэмээн уриалжээ. Трампын Засгийн газар Хятадын импортын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад долоо хоног гаруйн хугацаа өнгөрч байна. Хариуд нь Хятадын Засгийн газар ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-аас импортолдог 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээр болсон.
Худалдааны дайныг дуусгавар болгохыг уриалсан захидалд Clarks, Dr Martens, Converse зэрэг алдартай брэндүүд гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгч Трамп үндэстэн дамнасан худалдаа эрхэлдэг фирм компаниудад татвар нэмэгдсэн тул тээврийн зардлаа танахыг зөвлөсөн юм.
Ирэх сард Японы Осакад Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтаар Хятадын дарга Си Зиньпин, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар худалдааны зөрчил маргааны талаар хэлэлцэнэ гэж хүлээж байна.
Эх сурвалж: www.bbc.com