М.Мөнхтунгалаг
Цаг хугацаа бүхнийг мартуулдаг ч сануулж, анхааруулж байдаг шидтэй. Өнөөдрөөс тоолбол, хоёр сар гаруйхны өмнө монголчууд нийтээрээ сэрхийж дөрвөн хүнээ Заамарын бор шороон доор алдчихсан. Хөлдүү газар, зайрмагтсан их усан сан дунд онцгойнхон амь нас, ар гэрээ умартан ажилласны эцэст хайран сайхан дөрвөн залуугийн хөлдүү цогцосыг л гаргаж чадсан байдаг. Монголчуудыг нийтээр нь айдаст автуулсан энэхүү үйл явдал “Эко-Алтан заамар” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байв.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко-Алтан заамар” компанийн хувьд газар гэсч, хөдөлгөөн орж буй үед уурхайн төлөвлөлт хийж буй мэргэжлийн инженерүүдийнхээ үгийг сонсоогүй, дархан эрхтэй эздийн гайгаар эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Зөвхөн олзны хойноос сорчилж орж буйн гайг монголчууд дөрвөн хүний амь насаар төллөө” гэж байв. Албан тушаалтай хүн бүр “Эко-Алтан заамар”-аас хариуцлага нэхэж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн ард түмний өмнө даналзаж байв. Гэтэл энэ бүх гуниг харуусал, эмгэнэл, ээждээ, аавдаа, эхнэр хүүхдэдээ дутсан залуусын амины үнэтэй хөдөлмөрийн аюулгүй байдал ор мөргүй мартагдаж хоёрхон сарын дараа бидний тэр дундаа шинэ үеийн бизнесийнхний оюун санаанаас арчигдчихлаа гэж үү.
Ингэж асуухын учир нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг өнгөрөгч баасан гаригт шалгаруулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж өргөмжлөв. Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар эрэмбэлдэг байна. Тэгвэл энэ бүх шалгуурыг давж ТОП буюу шилдэг аж ахуйн нэгж болно гэдэг нэг талаараа үндэсний үйлдвэрлэгч томоохон үйлдвэр, компаниудад нэр төрөө өргөх, үйл ажиллагаагаа бэхжүүлэх, олон нийтэд танигдах боломж гэлээ нөгөө талдаа бяртай, чадалтай, мөнгөтэй, амбийцтай эздийн хүчийг харуулдаг. Яг л нөгөө “Би л эдлэхгүй бол хэний хүү болох вэ” гэсэн аархуу, онгироо Монгол занг бүрэн утгаар нь хөөрөгдсөн шалгаруулалтыг МҮХАҮТ нэлээд олон жил зохион байгуулав.
Шилдэг 100 аж ахуйн нэгж шалгаруулдаг байснаа 2018 оны шилдэгт 100 аж ахуйн нэгжийг өргөмжилжээ. Мэдээж энэ бүх аж ахуйн нэгж, компани, брэнд үйлдвэрлэгчдээ харуулах гэсэнгүй, тэдний бизнесийн зам мөрийг баллуурдах гэсэнгүй. Нэрийг нь сонсоогүй бүтээгдэхүүнийг нь мэдэхгүй компаниуд бишгүй шилдэгт багтсан байдаг ч тэр бүрт эвгүйцэх мэдрэмж төрж байсангүй. Тэгвэл энэ удаад ТОП гэгдэх 100 аж ахуйн нэгжийн чинь тоонд хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулж чадсан “Эко-Алтан заамар” компани багтжээ.
Ингэж болох уу, О.Амартүвшин ерөнхийлөгч өө. Хэдийгээр “Эко-Алтан заамар” компани ашиг, орлогоороо тэргүүлэх хэмжээний мөнгөтэй байж болох ч өнөөдрийг болтол хариуцлагаа бүрэн хүлээж дууссан эсэх нь тодорхойгүй, “туг тахьсан” дөрвөн залуусын ар гэрийнхэнд нөхөн төлбөр, хохирлыг нь бүрэн барагдуулж дууссан эсэх нь олон нийтэд ойлгомжгүй, улс орныг ослын шалтгаант нөхцөлөөр их хэмжээний алдагдалд оруулсан, ард түмний өмнө гарч зогсоод толгой гудайлгаж уучлалт гуйх зүрх сэтгэлгүй, нийгмийн хариуцлагагүй компанийг ямар шалгуураар ТОП-100-д багтааж чадав аа.
“Эко-Алтан заамар”-т ийм эрх бий бил үү. Дөрвөн сайхан залуусаа алдсан аав, ээж, хүү, эхнэрийг хүндэтгэх ухамсар алга уу. Тэд энэ бүхнийг “мартсан” бол компаниудыг хариуцлагатай, аюулгүй ажиллахыг ямагт сануулж толгой дээр нь зангидаж суух үүрэгтэй О.Амартүвшин ерөнхийлөгч та яагаад нүдээ аниад амаа үдүүлээд чимээгүй өнгөрүүлэв. Гэтэл О.Амартүвшин та насан залуугаасаа эхлээд бизнесийн салбарт амжилттай ажиллаж зовлон жаргалыг нь гадарлахтайгаа болчихсон хатаагдсан болд шиг нуруутай байх ёстой хүн байв.
Гэтэл эрх ашиг нь танд нийцтэй байв уу, МҮХАҮТынхаа ашиг орлогыг тооцов уу ТОП хэмээн батламжилчихлаа. Уг нь бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа таны бие “МҮХАҮТ гэх газар дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарсан. Шалтгаан нь, бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэх зэргээр гоё гоё ярьсаар ерөнхийлөгчийн сэнтийд тухлах эрхтэй болж байв.
Мөн таны бие, нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Танхим олон жил үйл ажиллагаа явуулсан атлаа унтаа байдалд орчихсон. Гишүүдийнхээ сонирхлыг татахаа больчихсон. Магадгүй, үйлдвэрчний эвлэлээс ч сул болчихлоо. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажил олгогчдын ажлын байранд гаргаж байгаа ажилтан албан хаагчдын эрх ашигтай холбоотой дуугардаг. Танхим үүнээс ч сул болчихлоо шүү дээ. Зарчмын хувьд үүнд шинэчлэл хийх нь үндсэн гол зорилго. Бизнесийн хамгийн хүчтэй байгууллага болгоё. Дуу хоолойгоо нэгтгэе. Чиг үүргийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг байгууллага болгох үүднээс би ерөнхийлөгч болмоор байна” гэж байв.
Тэгвэл О.Амартүвшин ерөнхийлөгч өө, та ажлаа аваад дорвитой хийж хэрэгжүүлсэн ажил байна уу. МҮХАҮТ-ыг ийм байдалд оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй та өөрөө гэчихвэл буруутахгүй болов уу. Яагаад гэж үү, сүүлийн олон жил танхимын Удирдах зөвлөлийн суудалд таны орон зай байсан. Үнэхээр хийх боломж танд байсаар байхад ч үглэн дуулсаар ерөнхийлөгч болсон. Албан тушаалаа аваад хийсэн томоохон ажлын нэг нь аж ахуйн нэгжийн шалгаруулалт яах аргагүй мөн билээ. Ийм хариуцлагатай ажлыг та тун ч хариуцлагагүй, шүүлтүүргүй хийсэн нь шүүрхий байгааг тань илтгэх шиг.
Ер нь аливаа салбарт ёс зүй, нийгмийн болон ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, сайн сайхан, шударга ёсыг үлгэрлэсэн үйл хэрэг уламжлагдан хөгжсөөр байх ёстой гэж санадаг. Даанч энэ удаад тийм гэгээн бодол төрсөнгүй. Зөвхөн ашиг хожоо, алдар нэрийн хойноос шунасан, иргэдийг доромжилсон, мөнгөтэй нь толгой дээр гишгэлж ч болдгийн жишээ болж “Эко-Алтан заамар” ШИЛДЭГ-т багтаж өргөмж хүртэв хэмээн эгдүүцэхэд хүрэв. Гуравдугаар сард болсон ослоос ч үүдэж байгаа хэрэг биш ээ. Тухайн компани дээр хаяглагддаг энэ мэт эрдэнэт хүний амь нас хохирсон олон удаагийн тэмдэглэл бий.
“Эко-Алтан заамар” шиг нийгмийн хариуцлага гэж юу ч мэддэггүй, байгаль экологид халтай, орон нутгийн иргэдэдээ ээлгүй, ус голоо залгиж дуусгаж байгаа компаниуд нэг биш нэлээд байна. “Эко-Алтан заамар”-тай яг ийм муу жишээгээрээ жишигдэж болохуйц “Эко Констракшн”, “Петро Чайна Дачин Тамсаг”, “Цайрт Минериал” компаниудыг дурдаж болохоор байна. Тэгэхээр хариуцлагагүй барилгын салбар, хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг харуулдаг, ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэлдэг, орон нутгийн хөгжилд гар бие оролцдоггүй, газрын хэвлий дэх баялгийг авахын төлөө улайран дайрч эрх мэдэл, албан тушаалтны хэлхээ холбоогоор дэнс хийдэг, гол, усны амийг барьчихсан эдгээр компаниуд ямар үзүүлэлтээр шилдэг болж жил бүр нэрээ дуурсгаж байдгийг О.Амартүвшин ерөнхийлөгч л мэддэг байх даа. Хариуцлага алдаж, хүний амиар “туг тахьсан” компани аж ахуйн нэгжийг алдаршуулдаг бизнесийн гаж тогтолцоо зөвхөн Монголд л байдаг болов уу.