Ц.Даваасамбуу
БНХАУ болон АНУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргааны улмаас урд хөрш дэх Америкийн компаниудын үйл ажиллагаа царцаад байгаа билээ. Гэхдээ энэ худалдааны маргааныг үл харгалзан үйлдвэрлэл болон худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол компаниуд болон улс орнуудад бий. Эдгээр улсын нэг бол Вьетнам. Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол Хятадад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниуд худалдааны дайн эхэлж, харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмэгдүүлж эхлэх үеэс Вьетнамын хямд ажиллах хүчин, бизнесийн таатай орчинг судалж, тус улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь нэмэгдэх болжээ.
ВЬЕТНАМЫГ ЧИГЛЭЖ БУЙ ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Петерсоны институтын судлаач Мэри “АНУ, БНХАУын худалдааны маргаанаас Вьетнам хэдийнэ ашиг олоод эхэлсэн. Хоёр улсын худалдааны маргаан хурцдаж эхэлсэн үеэс эхлэн тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснийг олон үзүүлэлтээс харах боломжтой” гэдгийг онцолжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас Вьетнам руу чиглэсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн онд оруулсан нийт хөрөнгө оруулалтынх нь 65 хувьд хүрчээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Сүүлийн 10 жилд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж “IKEA” шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн тоо нэмэгджээ. Хонконгд төвтэй “Baker & McKenzie” судалгааны байгууллага “Худалдааны маргаан үүсэхээс өмнө Вьетнамын хямд ажиллах хүч, бизнесийн таатай орчинг сонирхох гаднын тэртусмаа АНУын компани олон байсан. Харин худалдааны маргаан хурцдсанаас байдлыг улам хурдасгаж байна” гэжээ. Өнгөрсөн онд Вьетнамын зөвхөн аж үйлдвэрийн салбарт л гэхэд 14.5 сая хүн ажиллаж байна гэсэн тоо байдаг.
ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ
Хэдийгээр хөрш БНХАУтай харьцуулахад Вьетнамын хөдөлмөрийн зах зээл харьцангуй жижиг жил ирэх тусам хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст тус улсын үл хөдлөх салбарын компаниуд дунджаар 11 хувийн ашигтай ажиллажээ. Энэ нь худалдааны маргаантай холбоотойгоор Хятадыг орхиж буй үйлдвэрлэгчдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой аж.
ВЬЕТНАМЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ УУ
Өндөр тарифаас зайлсхийхийн тулд үндэстэн дамнасан компаниуд Вьетнамыг сонгоод эхэлвэл АНУын хувьд ямар ч ялгаагүй байдал үүсэх эрсдэлтэй тул Вашингтоныг Ханойн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй гэх таамаг байна. Зарим үндэстэн дамнасан компаниуд зөвхөн Хятадад бус Азийн бусад хямд ажиллах хүчтэй, хүн ам ихтэй орнуудад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Угаасаа дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны маргаанаас үүссэн өндөр тарифаас зайлсхийх нэг арга бол “Хятадад үйлдвэрлэв” бус “Вьетнамд үйлдвэрлэв” гэсэн шошгыг сонгох гэдгийг мэргэжилтнүүд ч онцолж байна.
ХУДАЛДААНЫ МАРГААНААС ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ АМСАХ НЬ АМЕРИК КОМПАНИУД
“General Motors”, “Ford”, “Chrysler” гэсэн автомашин үйлдвэрлэгч хамгийн том гурван компани угсрах үйлдвэр, борлуулалтын сүлжээгээ Хятадад бий болгохын тулд сүүлийн 10 гаруй жилийн турш асар их хөрөнгө зарцуулаад байгаа. Эдгээр компани жилд 20 сая гаруй автомашин борлогддог Хятадын зах зээлийг зүгээр л орхиод гарахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Мөн “WalMart” сүлжээний дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо Хятадад жилд дунджаар 10 хувиар өсч байгаа гэсэн судалгаа байдаг. Зөвхөн Гуандун мужид гэхэд тус сүлжээ дэлгүүр таван жилийн хугацаанд 40 шинэ дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа бол худалдааны маргаан хурцадсан тохиолдолд энэ төлөвлөгөө нь нурна.
Үүнээс гадна, дэлхий дээрх хамгийн том кофе нийлүүлэгч компани болох “Starbucks” таван жилийн хугацаанд салбаруудынхаа тоог хоёр дахин өсгөхөөр төлөвлөж байсан нь мөн л бүтэлгүйтэхээр байгаа юм. Америкчуудын экспортолж буй шар буурцагны талаас илүү хувийг нь жил бүр 14.6 тэрбум ам.доллароор хятадууд худалдан авдаг. Америкийн Шар буурцаг тариалагчдын холбооны ерөнхийлөгч Райан Финдлигийн хэлснээр, Хятадын талын хариу арга хэмжээ нь урт хугацаанд сөрөг үр дагавартай бөгөөд америкчууд Хятадын зах зээлд эзлэх байр сууриа бусад улсад алдах эрсдэлтэй. Тэр ч байтугай Хятадын кинотеатруудад үзүүлэх киноныхоо тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа Холливүүд студиүд аж.
Эх сурвалж: https://www.bbc. com/news/world-asia-48273550