Их Британийн нийслэл Лондонд төвтэй хүний эрхийн байгууллагаас Умард Солонгосын олон мянган охин, эмэгтэйчүүд БНХАУ-д албадан бэлгийн мөлжлөгт өртөж байгаа тухай мэдээлжээ. Тэд ихэвчлэн хулгайлагдан биеэ үнэлэгчээр зарагдаж, аль эсвэл хятад эрчүүдтэй хүчээр гэрлэдэг гэж “Солонгосын ирээдүй санаачилга” байгууллагаас мэдэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргээр бүлэг танхай этгээдүүд жилд 100 сая ам.долларын ашиг олдог гэж үзжээ.
Хятадад нэгэнт ирсэн бол Умард Солонгосын эмэгтэйчүүд эндээ түгжигддэг байна. Хятадын Засгийн газар тэднийг эх орондоо буцахыг зөвшөөрдөггүй аж. Учир нь буцаж очоод маш хүнд ял үүрч, тамлан зовооход хүрдэг гэж үздэг байна.
Дээрх мэдээллийг өгсөн байгууллагын судлаач Ён Хэ Сүний хэлснээр “Хохирогч эмэгтэйчүүд ердөө 30 юань буюу дунджаар 4 ам.доллараар биеэ худалддаг ба хэрэв гэр бүл болохоор болбол 1,000-50,000 юаний үнэлгээтэй байдаг. Мөн цахим орчинд биеэ үнэлж худалдагдах тохиолдол их” гэжээ.
Судалгаанд дурдсанаар 12-29 насны охид эмэгтэйчүүд, заримдаа түүнээс ч бага насны охид Хятадад зарагдаж байгаа юм. Олонх нь нэг болон түүнээс дээш удаа зарагдсан байдаг ба жилд багадаа нэг удаа бэлгийн боолчлолд өртдөг гэжээ. Цагаачид хамгийн ажиллаж амьдардаг зүүн хойд нутагт энэ үзэгдэл газар авчээ.
Мөн цахим сүлжээнд бага насны охидыг албадан бэлгийн дарамтанд оруулж буй бичлэгийг сонирхож үзэж байгаа хүмүүсийн олонх нь Өмнөд Солонгосын иргэд байгаа юм.
Эдгээр мэдээллийг Хятадад хохирч Өмнөд Солонгос руу дүрвэсэн иргэдээс цуглуулсан байна. Хохирогчын нэг Пион Умард Солонгосын Чонжин хотоос иржээ. Тэрээр “надтай хамт Умард Солонгосоос ирсэн зургаан эмэгтэй зочид буудалд зарагддаг байсан. Бидэнд маш бага хоол өгдөг байсан. Найман сарын дараа зуучлагч надад бүр ч муу хандаж дахин өөр газар зарагдсан” гэжээ. Бүсгүйчүүдийг зуучилдаг байсан этгээд зодож дарамтлан түүний биед маш олон шарх сорви үлдээжээ.
Эх сурвалж: www.bbc.com