УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачилсан билээ. Уг хуулийн өөрчлөлтийг Байнгын хороогоор хэлэлцэж байна. Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр зарим гишүүд уг хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
"Дэгийн өөрчлөлтийн тухай хууль дээр заавал босч үг хэллээ гээд хариуцлага сайжрах уу? Өнгөрсөн парламентэд С.Ганбаатар гишүүн байнга босч байгаад үг хэлсэн. Тэглээ гээд тэр хүн сонгогчдын итгэлийг дахин хүлээгээгүй. Мөн хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд их зовлонтой болох юм байна. Яагаад вэ гэхээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хуралдаан даргалагчид саналаа цаасаар өгөх юм байна л даа. Тойрогтоо ажиллаж байгаа үед нөгөө Ipad нь ч ажиллахгүй, интернэт нь ч сайн ажиллахгүй хүн яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх юм бэ. Гадаад, дотоодод яваа хүн бол хамаа алга. Төрийн айлчлалд оролцоод явж байгаа гишүүн ч Ipad -аараа санал өгөөд явж байна гэдэг амьдралд нийцэхгүй байна.
Дэгийг сайжруулах ёстой гэдэг дээр санал нийлж байна. Ажил хэрэгч болгох нь зөв. Гэхдээ хэтэрхий ингэж нарийвчилж болохгүй. 76 гишүүний 39 гишүүн нь байж байж санал шийдэгддэг. Энэ зохицуулалт яг зөв үү" гэлээ.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"Манайх хамгийн цөөн гишүүдтэй парламент мөн. Бид БНСУ-ын парламентийн үйл ажиллагаатай танилцаж судалсан. Гишүүд нь босч саналаа хэлдэг, программ хангамжийн хувьд цаасгүй технологи дээр суурилж байна лээ. Босч, сууж үг хэлэх дээр ямар ялгаа байна. Мэтгэлцэгч талууд баримт нотолгоогоо гаргаж ирээд мэтгэлцээнээ үргэлжлүүлдэг юм билээ. Энэ жишиг рүү оръё л гэсэн санаа. Цаасаар аль болох өгөхгүй, цахимаар саналаа өгдөг л болох гэсэн санаа" гэлээ.