БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас ховор ан амьтныг агнах тусгай зөвшөөрлийн мөнгийг юунд зарцуулдаг асуудлаар тодруулга авлаа
-Энэ жил хичнээн ан амьтныг тусгай зөвшөөрлөөр агнах вэ? Уг мөнгө юунд зарцуулагдаж байна вэ?
-Аргал агнах зөвшөөрлийг одоогоор 88-ыг олгоод байна. Тэх, буга, цөөн хэмжээний спорт агнуурын загас гэх мэт олон л доо. Тодорхой хэмжээний мөнгө нь сум хөгжүүлэх сан руу ордог, бусад нь тэмдэгтийн хураамж болж улсын төсөвт ордог. Аймаг бүрт зөвшөөрөл олгох хэмжээ харилцан адилгүй. Даац, нөөцийн судалгаа дээр үндэслэж квот тогтоодог. Зарим жил зарим аймагт хоёр жил дараалан зөвшөөрөл олгохгүй байх ч тохиолдол бий. Засгийн газраас тусгай зөвшөөрлийг ил тод нээлтэй болгох үүднээс дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон. Гэтэл амьтны тухай хууль дээр дуудлага худалдааны эрхийг өгөхдөө хууль өөрчилж байж зохион байгуулах ёстой гэсэн зөвлөмжийг ХЗДХЯ өгсөн.
Ер нь "Тусгай зориулалтын ан агнуурыг хөгжүүлэх ёстой" гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байна. Учир нь ан агнуур бол сэргээгддэг баялаг. Дээрээс нь энэ салбараас олж байгаа мөнгө аялал жуулчлал болон бусад салбарыг бодвол харьцангуй өндөр байдаг. Харьцангуй өндөр түвшний хүмүүсийн хийдэг аялал юм.
Дээр нь хууль зөрчсөн асуудал гарах юм бол цаашид тухайн аялагч, зуучилсан компани дээр тусгай зөвшөөрөл олгохгүй арга хэмжээ авдаг.
-Хэдээс хэдэн төгрөгний хооронд борлуулдаг юм бэ?
-Тухайн компаниуд бүтээгдэхүүний багц болгож зардаг. Жишээ нь аргал агнахад суманд орж байгаа орлого 5000$ хавьцаа байдаг. Агнуурын бүс нутагтай сумын төсөвт ордог гэсэн үг.
-Энэ салбарт байгалиа хамгаалах хичнээн ТББ байдаг вэ. Тэд яг мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг явуулдаг уу?
-Хэдхэн л хүмүүс байдаг юм. Монгол улсад байгаль хамгаалах чиглэлээр үүсгэн байгуулагдсан 1800 гаруй ТББ байдаг. Аль нэгнийх нь эрх ашиг хөндөгдөхөөр мэдэгдэл хийдэг. Уг нь бол ном зүйгээрээ учраа олоод, хамтран ажиллаад явья гэж би хэд хэдэн уулзалт хийсэн ч өөрийнх нь өгсөн хүсэлт биелэгдэхгүй бол маргааш нь албан бичиг өгч мэдэгдэл хийгээд байдаг. Хэн их орилсонд мэргэжлийн шаардлагыг нь тавьж ажилла гэсэн үүрэг өгсөн. Уг нь бол тэд байнга л байгаль орчноо хамгаалах ёстой биз дээ.
-Энэ жил тусгай зөвшөөрлийн аг агнуураас хэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Нэгдсэн байдлаар жил тутамд 20 орчим тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт ордог юм.
-Монгол улсад байдаг алтайн угалз хамгийн өндөр өртөгтэй байдаг. Нэг угалз агнахад 50 000 доллар төлдөг гэж анчид ярьдаг?
-Манай улс хамгийн өндөр төлбөр авдаг улс биш ээ. Алдаагаа хаацайлах болохоор орлого багатай, асуудал гарахаар бид хамгийн өндөр орлоготой гэх мэт ярьдаг. Интернэтээр ороод үз. Нээлттэй байгаа. Багцаараа тухайн аяллын үнэ бий. 50 000-120 000 долларын багцууд бий.