Индонези улсад маргаан дагуулсан бүх нийтийн сонгуулийн дүнг шүүхийн шийдвэрээр баталж өнөөдөр өглөө танилцууллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд Азийн Барак Обама гэгддэг Жоко Видодо улиран сонгогдсон шийдвэр гарснаар түүний өрсөлдөгч генерал Прабово Субьяанто дахин ялагдал хүлээж байна.
Сонгуулийн дүн гарсны дараа эмх замбараагүй байдал, сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарахаас урьдчилан сэргийлж нийслэл Жакарта хотод аюулгүйн хүчний 32,000 бие бүрэлдэхүүнийг тараан байршуулжээ. 2014 оны сонгуульд ноён Прабово Жоковитой өрсөлдөж мөн л шүүхийн шийдвэрээр ялагдал хүлээсэн юм.
Тус улсын сонгуулийн хорооны албан ёсны дүн мэдээгээр Жокови буюу Жоко Видодо иргэдийн 55,5 хувийн саналыг авсан бол Прабово 44,5 хувийн саналтайгаар ялагдсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Индонези улс даяар явагдсан соннгуульд 192 сая гаруй хүн санал өгөхөөр бүртгүүлсэн ба орон нутгийн, үндэсний 20,000 эрх баригчийг сонгосон юм.
Саналын хуудас тоолох үед хэт их ачааллаас болж сонгуулийн хорооны олон зуун ажилтан амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээллээд байсан. Ард иргэдийн дунд сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа олон хүн бий. Эрх баригчид тэдэнд хандаж тайван байхыг уриалан аюулгүй байдлыг өндөржүүлээд байна. Аюулгүй албаны бие бүрэлдэхүүн даралтат усаао шүршигч, өргөстэй тороор зэвсэглэн сонгуулийн хорооны урд талбайд байрлалаа эзэлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Исламын улс бүлэгтэй холбоотой террористууд байж болзошгүй хэдэн арван сэжигтнийг барьж саатуулсан байна. Сэжигтнүүдийн зарим нь сонгуулийн дүн мэдээг танилцуулсны дараа болох жагсаалын үеэр бөмбөг дэлбэлж алан хядах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан гэж үзжээ.
Энэ жил 57 настай Жокови 2012 оны Индонези улсын нийслэл Жакарта хотын захирагч болсноор олон улсад анх танигдсан юм. Тэрээр дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг дэмжиж авлига хээл хахуультай тэмцэнэ гэж ард түмэнд амлалт өгөн гарч ирсэн билээ. Одоогийн Ерөнхийлөгч, Жакарта хотын экс захирагч Жокови энэ жилийн сонгуулийн үеэр нийслэл хотыг нүүлгэх тухай мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж амжсан.
Эх сурвалж: www.bbc.com