Энэтхэгийн Телангана мужийн 400 орчим тосгонд хачирхалтай нууцлаг явдал тохиосноос болж оршин суугчид айдаст автах болов. Тосгоны оршин суугчид ажлаа дуусав уу үгүй юү яаран гэртээ ирж, хаалга үүдээ янгинатал түгжин сууна. Хүүхдүүд үд өнгөртөл гадаа тоглож байгаад гэр лүүгээ яаран, хамаг гэрлээ асаан хамраа ч цухуйлгалгүй нуугдана. Ингээд үдэш болоход гудамж талбай хоосон, тайван байдал ноёлно. Уг нь зуны халуунд тосгоны иргэд гадаанаа унтаж сэрүүцдэг байтал гэр гэртээ бүгэх нь нэг л жигтэй санагдах болжээ.
Гадвал тосгоны цагдаагийн дарга хатагтай Рема Ражешвари урьд өмнө нар доошлоход тосгоны иргэд гэртээ бүгж байсныг огт харж байгаагүй байна. Тиймээс чухам юу тохиолдсоныг олж мэдэх, арга хэмжээ авах үүрэг даалгавар өгчээ. Тосгоны иргэдийг айдаст автуулан халуун бүгчимд гэрт нь нуусан зүйл “WhatsApp” байсныг олж тогтоов. Тосгоны иргэдэд “WhatsApp” гар утасны программаар дамжуулан онц хэрцгий аллага, хүүхэд хулгайлах гэмт хэргийн тухай дүрс болон дуу хоолойны бичлэг ирсэн байв. Бичлэг дээр нас барсан хүний гэдэс дотрыг гаргаж, Телугу хэлээр нэгэн эрэгтэй хүний эд эрхтэн хулгайлдаг бүлэг этгээдүүдийн талаар ярьсан байна. Цагдаа нар тосгоны иргэдийн гар утсыг шалгахад 30-35 дүрс бичлэг, харгис аллага, хулгайн гэмт хэрэгт холбоотой зургууд олжээ. Мөн “Хүүхэд хулгайлагчид тосгонууд руу ирж байна, тэд танай хаалгыг чулуугаар цохих үед гэрээсээ гарч болохгүй, хүүхдүүдээ явуулж болохгүй” гэсэн зурвас хүртэл ирсэн байж.
Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадын дараа хоёрдугаарт ордог. Гэвч баян ядуугийн ялгаа ихэсч, ядуурал газар авсан. Тус улсын хамгийн ядуу 20 тосгоны тоонд хачин жигтэй хэрэг явдал тохиолдсон тосгонууд багтдаг. Жогулбамба, Ванапарти дүүргүүд тэдгээрийн нэг. Ихэнх оршин суугчид нь газаргүй учраас газар тариалан эрхлэн амь зуух боломжгүй болж ажил хайхаар өөр тийшээ явцгаадаг. Үлдсэн оршин суугчдын тал нь уншиж бичиж чаддаггүй. Гэхдээ айл бүрт дор хаяж нэг ширхэг гар утас бий. Ихэвчлэн Хятадад үйлдвэрлэсэн 20 долларын үнэтэй хуучин гар утсууд байна. Улс орноо технологижуулах үүднээс эрх баригчид интернэтийн дата хэрэглээг маш хямд болгосон. Мэдээлэл хомс хэдий ч тосгоны иргэд “WhatsApp” программ ашиглан хол ойрын мэдээ, зураг бичлэг үзэж, нийгмийн харилцаанд орох нь элбэг. Нэн ядуу тосгон бүрт дор хаяж 20 гаруй “WhatsApp” групп байдаг. Нийгмийн сонирхол, ажил мэргэжил, төрөл садангаараа ялгарсан байдаг байна. 200 сая Энэтхэг хүн өдөрт 13 тэрбум зурвас бичдэг нь тус улс “WhatsApp”-ын хамгийн том зах зээл гэдгийг батална.
Олон нийтийн цахим сүлжээгээр дамжиж тосгоны иргэдийг айдаст автуулсан зураг бичлэгийг Рема Ражешвари тэргүүтэй цагдаа нар шалгахад ор үндэслэлгүй хуурамч мэдээлэл байжээ. Тухайлбал цуврал аллага үйлдсэн, хүүхэд хулгайлсан гэмт хэргүүд зэргэлдээ тосгонуудад ч ойрын үед илрээгүй. Цагдаагийн тусгай мэдээлэл шалгахад 2016-17 оны хооронд 54,000 хүүхэд хулгайлагдсан ч мөн л ойрын хугацаанд ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй байлаа. Тиймээс оршин суугчдаа айдсаас аврахын тулд айл нэг бүрийн хаалгыг тогшиж хуурамч мэдээлэлд итгэхгүй байх, хуурамч зураг бичлэгийг бусдад дамжуулан хуваалцалгүй устгахыг Рема Ражешвари болон тосгоны бусад цагдаа нар уриалж эхэлсэн байна. Ийнхүү Телангана мужийн 400 тосгонд нэг ч хүн амиа алдалгүй өнгөрч, хуурамч дам яриа мартагдаж, иргэдийг айдаст автуулсан бичлэгүүд устжээ.
Эх сурвалж: www.bbc.com