Өнөөдөр цахим орчинд ТРЭНД болсон LIVE бол яах аргагүй Ардчилсан намын дэд дарга Г.Батхүүгийн төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэрэгт шинэ сэжүүр гаргаж өгсөн мэдээлэл байлаа
2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд Г.Батхүү агсныг төрийн ордны баруун жигүүрийн хоёр давхрын шатнаас унаж нас барсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл тархсан.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийж, Г.Батхүү агсныг шатнаас унаж бус Засгийн газрын хуралдаан болдог танхимын дэргэдэх гонхноос унаж нас барсан болохыг хэлсэн юм.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой объект байдаг. Талийгаач маань хоёр давхрын гонхноос өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүйгээр нас барлаа" гэсэн.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Төрийн ордны хоёр гурван хэсэг л камертай бусад хэсэгт камер байдаггүй юм байна. Тухайн хэрэг гарсан газарт ямар ч хяналтын камер байгаагүй. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар ч мэдээлэл хийгээгүй байхад "зүрх нь хаагдсан байна" гэх мэтээр худал мэдээллийг тарааж байгаад харамсаж байна. Үйл явдал Засгийн газрын хуралдаан болдог танхимын үүдний шатны гонхонд болсон байсан. Өндрөөс унасан учраас маш их гэмтэл авч нас барсан. Задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдалтайгаар гарч байх шиг байна" гэсэн юм.