Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган энэ жил Швейцарийн Базель хотод долдугаар сарын 4-6-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 30 орчим жилийн түүхтэй чуулга уулзалт энэ удаад “Эмэгтэйчүүд: Амжилтыг шинээр тодорхойлох” гэсэн сэдвийн хүрээнд болох юм.
Чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1,000 гаруй эмэгтэй нэгэн дээвэр дор цуглаж өөрсдийн амжилт туршлагаа хуваалцан ирээдүйн өнгө төрхөө тодорхойлдог уламжлалтай. Улс төр, бизнесийн салбарын манлайлагч, шилдэг эмэгтэйчүүд хуран цугладгаар онцлог юм.
Энэ жил Монгол улсаас Сангийн дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа улс төрд манлайлж буй олон улсын тэргүүлэгч эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэн чуулга уулзалтад уригджээ. Түүнтэй хамт Камбожийн Эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх яамны сайд Инг Канта Пави, Францын Хөдөлмөрийн сайд Мюриэль Пенико, Герман улсын Цагаачлын сайд Аннетте Видман Мауз, Арабын Нэгдсэн Эмирт улсын төрийн сайд Майта Аль Шамси, Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович зэрэг 19 орны улс төрийн тавцанд нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүд чуулганд зочилно.
Хэвлэл мэдээллийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүдээс Reuters сэтгүүлзүйн институтийн Стратегийн хөгжлийн албаны дарга Алескандра Борчардт, Financial Times-ын Маркетингийн захирал Анжела Мэкэй, Швейцарийн CNN Money сувгийн мэдээний хөтлөгч Ана Мариа Монтеро нар уригдсан байна.
Тус хуралд Монгол улсаас Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia)-ны Ерөнхийлөгч О.Байгаль өнгөрсөн жил оролцож, Сангийн дэд сайдыг оролцуулах хүсэлтийг уламжилсан нь ийнхүү биеллээ олжээ.