УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг бусдын аминд хүрсэн гэх мэдээлэлтэй холбогдуулж хоёр талын эх сурвалж тайлбар хийжээ
"Босоо хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүн амины хэрэгт холбогдож, БНХАУ-ын хөрөнгө оруулагчийнхаа аминд хүрч баяжсан. "Болд төмөр Ерөө" ХХК-г байгуулж, Хүдэр сумын сайхан байгалийг сүйтгэж, БНХАУ-ын хамтрагчтайгаа үл ойлголцол гарангуут нэгнийх нь аминд хүрч, нэг хүн нь тэр асуудлаас болж шоронд орж, гадагшаа зугтаж гарсан. Тэр хүний хөрөнгө хувийг Дэлгэрсайхан эзэмшиж авсан" гэх мэдээллийг хийсэн билээ.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хариу тайлбар хийжээ.
Тэрбээр,
"Би тийм мэдээлэл сонсоогүй. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль орж ирсэн юм. Тэрнээс сэдэвлэж хорихоос суллагдаж байгаа хүмүүсийн тухай яригдаж, суллагдсан хүмүүс хаана юу хийж байна, амьдрах аргаа өөрчилж, эх орончийн дүрд ороод янз бүр болоод яваад байгаа юм байна, тэдний зарим нь "Босоо хөх монгол" гэх мэт бүлгэмд нэгдэж, уул уурхайн компаниудыг очиж айлгаж, дарамталж байна гэдэг зүйл ярьсан юм.
Тэрнээс болсон байх магадлалтай. Мөн намайг 8-9 төрлийн зүйлээр буруутгаж ярьсан юм шиг байна лээ. Тэр бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг бид хоёрын хооронд хүссэн ч эс хүссэн ч шүүхээр асуудлаа шийдвэрлэх хэмжээнд очлоо. Намайг гүтгэсэн тул шүүхэд хандана" гэсэн юм.
Үүнээс харвал "Босоо хөх Монгол" бүлгэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг шүүхэд өгч, зөрүүлээд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Босоо хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуягийг шүүхэд өгөхөөр болжээ.